• Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

    Дамдины Сүхбаатар /1893-1923 он/

    МАН /Монгол ардын нам/-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын цэргийн анхны жанжин, Ардын Засгийн газрын анхны цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм.

    1800-1870 он

    Монгол улс Манж Чин гүрний вассал байх тэр цагт Д.Сүхбаатарын эцэг, өвөг эцэг, элэнц, хуланц бүгдээр тэгш бус байдлын эсрэг тэмцэж явсан тэмцэгчид байжээ. Энэ нь түүхэнд тод томруун үлдсэн байна.

    1870-1900 он

    “Цагаан дээлт” хэмээгдэх Элбэгийн Дамдин

    1893 оны 2 дугаар сарын 2-1909 он

    Д.Сүхбаатар нь энэ өдөр өнөөгийн Улаанбаатар хотын Амгалан буюу тухайн үеийн Элбэг Амгалант гацаа /Маймаа хот/ Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байж. Сүх хүүг эцэг нь эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгажээ. Мөн тухайн үед Сүх хүү орос хүүхдүүдтэй тоглож наадан ойр зуурын орос хэлтэй болсон гэдэг.

    1909-1911 он

    Д.Сүх нь 1909-1910 онд Нийслэл хүрээ, Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт  өртөөнд улаа нэхэж  байв.

    1911-1918 он

    1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсөж пулемёт сумангийн жагсаалын даргаар томилогджээ.

    Д. Сүхбаатар Богд хаант Монгол улсын цэргийн албанд зүтгэж байхдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ.

    Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгсгөсний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд “сахалт” хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д.Сүхбаатар 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ.

    Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан.

    1918-1919 он

    1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. 1919 онд Хууль шастир хэвлэх газарт сайнаар зүтгэсний тул дэд зэргийн жинс, тогосын отго шагнагдсан. Энэхүү Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилласан нь түүнд улс орныхоо гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоог олгожээ.

    Энэ үед тэрбээр С.Данзангийн Хүрээний нууц бүлгэмд элсэж, бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.
    Д. Сүхбаатарын үзэл бодолд нийслэл Хүрээнд ажиллаж байсан монголын тэргүүний сэхээтэн Данзан, Бодоо болон нийслэл Хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М. И. Кучеренко, Я. В. Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчид их нөлөө үзүүлж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болжээ.

    1919 оны 7-р сард нийслэл Хүрээг хятадын гамин цэрэг түрэмгийлэн эзэлж, 12 дугаар сард автономитыг татан буулгах ёслол үйлдэн Богд хааныг Хятадын Ерөнхийлөгчийн зурагт мөргүүлж монгол цэргийн зэвсгийг хураав. Удалгүй Богд хааныг гэрийн хорионд оруулж улс орны байдал хүнд хэцүү болов. Тэр үеийн монголын төрийн зүтгэлтнүүд, лам хувраг, ард иргэд хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ихэд дургуйцэж тусгаар тогтносон Монгол улсаа дахин сэргээх арга замыг эрэлхийлж байв.Тэдгээр хүмүүсийн нам нийлж, сэм хуйвалдаж байх үеийг ерөнхийд нь “Ноёдын нам”, “Түшмэдийн нам”, “Ардын нам” гэж түүхэнд үлдээжээ.
    1920-1921 он

    1919-1920 оны дунд үе хүртэл Хүрээний бүлгэм өөрсөдтэйгээ адилхан Консулын бүлгэмийнхэнтэй удаа дараа уулзалдан санал бодлоо солилцон Монгол улсынхаа тусгаар тогнолын төлөө тэмцэх нэг л зорилготойгоо мэдэлцжээ. Энэхүү уулзалтуудад Д.Сүхбаатар идэвх зүтгэл гарган зүтгэж байсан аж. Ингээд хоёр бүлгэм 1920 оны 6дугаар сарын нэгдэж Монгол Ардын нам хэмээн нэрлэгдэх болж өөрийн тамгатай ч болов. Эндээс ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийг томилсон билээ. Түүхэнд “анхны 7” хэмээгддэг хүмүүс гурав хуваагдан Зөвлөлт Оросыг зорьсон байдаг. Д.Сүхбаатар ийнхүү тэдэн дунд багтан Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армид цэргийн сургууль хийж байжээ. 1921 оны 2 дугаар сараас Ардын журамт цэрэг элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ.

    1921-1923 он

    Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24 – 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

    Д.Сүхбаатар нь 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцсон юм.

    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм.

    1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын зоригт баатар насан эцэслэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ