• Төв цэвэрлэх байгууламжийг гурван жилийн дараа ашиглалтад оруулна

    Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэгч талыг төлөөлж “China Tisiju Civil Engineering” группын Монгол дахь салбарын захирал Ван Хайтао   нар өнөөдөр  гарын үсэг зурлаа.

    Төслийн ажлыг гүйцэтгэхээр “China Tisiju Civil Engineering” болон “Beijing Construction Engineering” группын  консерциум шалгарсан юм.

    Улаанбаатар хотын хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ундны усны гол эх үүсвэр Туул голыг нэмж бохирдуулахгүйн тулд 1964 онд ашиглалтад орсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай байсан.

    Харин БНХАУ-ыг Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 36 сарын хугацаанд 267 сая ам.доллараар  дэвшилтэт техник, технологиор ийнхүү барих болж байгаа юм.

    Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-гээ батлуулжээ.

    1964 онд ашиглалтад орсон цэвэрлэх байгууламж нь өдөрт 150 мянган метр куб бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай бол энэхүү шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр куб бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай юм.

    Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

    Энэ хавраас ажил эхлээд гурван жилийн хугацаанд барьж дуусган, ашиглалтад оруулна.  Шинээр баригдах Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг 50 жил ашиглана.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ