• Л.Элдэв-Очир:Х.Баттулгад дөрлүүлчихгүйхэн шиг нэр төртэй ажиллаарай

    УИХ-ын чуулганаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд энэ асуудлаар асуулт хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүн ерөөсөө л нэг болчимгүй үг хэлээд болж өгдөггүй ээ. Хууль ярих байгууллагын тэргүүнийг хууль ярилаа гэж загнаж байх юм. Та ийм л хүнтэй хамтарч ажиллах нь дээ. Хоёр жил Ерөнхийлөгчөөр ажилласан үг хэл, үйлдэл нь засрахгүй л яваад байна.

    Өчигдөр дөрвөн даргыг өрөөндөө дуудаж уулзлаа. Тэгэхдээ нэгийг нь чи хэдэн удаа сонгогдсон олигархи билүү гэж асууж байна. Ор үндэсгүй гүтгэх юм. 100 тэрбумын зуух шахсан хүн миний хажууд сууж байна гэх юм. Хий гүтгэдэг, хууль ярихгүй гэдэг хүнтэй л та хамтарч ажиллах нь дээ. УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нь оролцож төрийн механизмыг гацаах гээд байна. Тиймээс дөрлүүлчихгүйхэн шиг энэ албыг нэр төртэй хашаарай.

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

    -Таны тарааж өгсөн материал дээр эдийн засгийн ухааны магистр, профессор гэсэн байна. Магистр хүн эрдмийн ажил удирдаж, профессор болох боломжгүй л дээ. Намтар түүх үнэн байх ёстой. Намтар түүх худал бол бусад зүйл худлаа болдог. Намтар түүхээс эхлээд бүх зүйл үнэн зөв, хэлбэрдээгүй байх ёстой.

    Г.Занданшатар: 

    -Бид ард түмний эрх ашгийг нэгд барьж ажилладаг. Надад хэн нэгэнтэй аваа өгөөний асуудал байхгүй. Би 1992 онд төгсөж ирээд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж явсан хүн. Миний төгссөн сургууль хүндэт профессорын цолыг олгосон. Холбогдох журам, дүрмийн дагуу олгосон цолыг нуух, үгүйсгэх шалтгаан надад байхгүй.

    Г.Саруул

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ