• Г.Занданшатарыг 60 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын даргаар сонголоо

    Улсын Их Хурлын  өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

    МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн.

    Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.

    Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,  1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

    Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.

    2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.

    Ийнхүү Монгол улсын даргаар УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр сонголоо.

    Д.Хүдэр

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ