• Г.Занданшатар шударга ёсыг жинхэнэ утгаар тогтоох түүхэн дарга байж чадах уу?

    УИХ-ын даргаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар томилогдлоо. Тэрбээр Баянхонгорын гаралтай, үндсэн боловсролоо ОХУ-д ардчилал, зах зээлийн эхэн үед эзэмшсэн, сүүлд 2012 онд мөн ОХУ-д мэргэжил дээшлүүлэ суралцсан,дараа нь 2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд судлаачаар ажилласан нэгэн. АНУ-д байхдаа автомашины осолд орсон ч азаар гайгүй өнгөрснийг хүмүүс мэднэ. (Түүний намтрыг ЭНД-ээс, УИХ-ын дарга болоод хэлсэн үгийг ЭНД-ээс  уншина уу)

    Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эртний найзууд, бас хамтран зүтгэгчид.Тэд МАН-ын дэргэдэх залуучуудын холбоонд нэг нь Ерөнхийлөгч,нөгөө нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Үүнээс хойш харилцан биесээ дэмжиж ирснийг нь харвал хэн хэндээ итгэдэг нь илт. Тийм ч учраас Монголын улстөрд төдийгүй нам дотроо хагарал хуваагдал нүүрлэсэн үед ЗГХЭГ-ын даргаар томилж, одоо бүр УИХ-ын даргаар ажиллуулахаар санал болгож томиллуулаа.

    Түүнийг томилох чуулганы хуралдаан дээр гишүүд янз бүрээр санал бодлоо хэлж, захиас даалгавраа өглөө. Тэр дундаас хоёр гишүүний захиас содон байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Занданшатар сайн залуу.Гэхдээ МАНАН-гийн Бадамжунай, Хурц хоёртой дэндүү ойр байдаг шүү. Энэ алдаагаа засаарай” гэж захиас өгөв.( Энэ тухай ЭНД)

    Мөн УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир нэг тойрогт өрсөлдөж ялж, ялагдсан нутгийнх нь Ерөнхийлөгч түүнийг гоочлоод байгаа тухай хэлж, “Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нь оролцож төрийн механизмыг гацаах гээд байна. Тиймээс дөрлүүлчихгүйхэн шиг энэ албыг нэр төртэй хашаарай” гэв.  (Энэ тухай ЭНД)

    Нээрээ ч УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатарыг хэн нэгэнтэй ил муудалцаад, хэрэлдээд яваад байгааг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй. Тиймээс Бадамжунай, Хурц гэх мэт МАНАН-гийн гэгдэх хүмүүстэй ойр байж болно.Ингэлээ гээд МАНАН-гийн үгээр явна гэж одоо дүгнэх эрт.Нөгөө талаар Монголын улстөрд зарчим, ёс суртахуун гэхээсээ хувийн харилцаа, эрх ашиг ноёлох болсон өнөө цагт  хувийн харилцаа нь дээр гараад байхыг ч үгүйсгэхгүй.Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын цаг хугацаа харуулна.

    УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очирын үгийг бас л бодууштай.Хуучин МАНАН-г устгаад шинэ манан үүсэх нь гэж болгоомжилж байгаа нь бас л нэг хэсэг хүмүүс хуйвалдаад, хувааж идээд, эсвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь, бусад хэргүүд шийдэгдэхгүй байх вий гэсэн болгоомжлол хүмүүст байгааг тодотгон сануулсан хэрэг байх. Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар яагаад одоо болтол дуугардаггүй юм бол? Гэх асуулт яг энэ мөчид давхар тавигдаж байгаа юм.

    Намрын чуулганы хуралдааны хугацаанд  хоёр сар гацсан УИХ-д шийдвэл зохилтой маш олон асуудал бөөгнөрсөн.

    Хамгийн түрүүнд гурван сайдыг шинээр томилох, УИХ-аас томилогддог Монголбанкны Ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудын ажил үүрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, болохгүй байгааг нь халж,солиих зэрэг асуудлуудыг эхний ээлжинд шийдэх ёстой байх. Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг буулгаж, Г.Занданшатарыг томилоход хүргэсэн МАНАН-гийн эсрэг гэх тэмцлийн гол нь хууль, шүүхийн байгууллагууд шударга ажиллахгүй, зөвхөн МАНАН-гийн бүлэглэлд үйлчилж байна гэх шүүмжлэл байсан.

    Тэгвэл УИХ-ын шинэ даргын өмнө ямар ч байсан Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллагуудын удирдлагыг томилуулах хүнд даалгавар ногдож байна. “Хүнд” гэдгийн учир нь эдгээр байгууллагын удирдлагыг сольж, өөрийн хүмүүсийг тавих сонирхлоо Ерөнхийлөгч Х.Баттулга аль эртнээс илэрхийлж ирсэн бөгөөд энэ удаа түүний ашиг сонирхол тэр чигтээ хангагдах нөхцөл болох вий гэж болгоомжлоход хүргэж байна.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол МАН-ын дарга. Нэгэнт МАН-ын дарга учраас намын эрх ашиг, улмаар 2016 оны сонгуулийн үед амласан амлалтаа биелүүлэх,шударга ёсыг тогтоох гэх мэт олон амлалтыг биелүүлэх учиртай.

    Энэ эрх ашгаа нэгд барьж ажиллахыг намын гишүүд нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын хоршлоос  шаардана.Харин энэ шаардлагаар тэд Ерөнхийлөгчид дөрлүүлэхгүй ажиллаж чадах уу?

    “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг жил хагасын хугацаанд хийхээ шинэ дарга Г.Занданшатар амлав. Тэрбээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд хоёр жил  судлаачаар ажиллаад ирснээсээ хойш Монголд Зөвлөлдөх ардчиллыг нутагшуулах тухай ярьж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хүртэл батлуулж амжсан.

    Уг  хуулиараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар   зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Уг үйл явц үргэлжилж, УИХ-ын гишүүд,намуудыг үнэхээр зөвлөлдүүлээд Үндсэн хуулийг батлуулж чадах,эсэхийг цаг хугацаа харуулна. Мөн Сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хуулиудыг УИХ батлах ёстой.

    МАНАН-гийн толгойлогч гэгдэх М.Энхболдыг буулгах гэж хоёр сар тэмцсэн УИХ ийнхүү хоёрхон хоногт Г.Занданшатарыг шинэ даргаар томилсноороо яриад байгаа шударга ёсны эхлэл тавигдаж, түүнийгээ тогтоож, төр шиг төртэй байгаасай гэсэн их итгэл найдвар хүлээлгэлээ.

    Харин Г.Занданшатар энэ хүлээлтэд хариу өгч,түүхэнд үлдэх дарга байж чадах уу? Түүхэнд үлдэхээсээ өмнө тэр өөрийн толгойгоор ажиллаж чадах уу?  

    Сониноос ЗГХЭГ-ын дарга байхдаа сахал тавьж гангарсан Г.Занданшатар УИХ-ын дарга болох өглөө сахалаа хусаж цэмцийгээд орж иржээ.

    Тоймч Т.Сараана (WWW.GEREG.MN )

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ