• МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад Г.Занданшатарыг 100 хувь дэмжив

    УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд хэн очих вэ гэсэн асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ үеэр Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлжээ. Харин Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна.

    Г.Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа.  Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр сүүлийн үед уул уурхайн ордуудыг “нийгэмчлэх” Ерөнхий сайдын бодлогын дагуу Салхитын мөнгөний орд дээр явуулсан тусгай ажиллагаанаас болж олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүлээсэн.

    УИХ  түүнийг  дэмжвэл оронд ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг очно гэсэн мэдээлэл байгаа юм.

    У.Хүрэлсүх намын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 дэмжлэгийг авлаа. Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн даруйдаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.

    Г.Занданшатар  “ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлага бол төрийн эрх барих байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлж эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох явдал. Ингэж байж УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн бүхий л шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлнэ. Энэ бол УИХ-д хамгийн их тулгамдсан асуудал. Төрд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх л хамгийн чухал юм” гэлээ.

    Г.Занданшатарын намтар:

    ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

    1. 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
    2. 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
    3. 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

    АЖИЛЛАСАН БАЙДАЛ

    1. 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
    2. 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
    3. 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
    4. 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
    5. 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
    6. 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    7. 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    8. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
    9. 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
    10. 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
    11. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
    12. 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ