2018 онд 18200 ажлын байранд ажиллах хүн олдоогүй байна

2019 онд хөдөлмөрийн зах зээлд шинээр  69.4 мянган ажлын байр бий болох төлөвтэй байгаа тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс  танилцууллаа.

Тус институт Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яамны захиалгаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт,нийлүүлэлтийн судалгааг хийжээ.

Шинээр бий болох 69.4 мянган ажлын байрны 25.5 хувь буюу 17700 ажлын байрыг барилгын салбар, 19 хувь буюу 13186 ажлын байрыг бөөний жижиглэн худалдааны салбарууд тус тус бүрдүүлэх аж.    Харин үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, боловсрол, мэдээлэл холбоо, хүний эрүүл мэнд болон нийгмийн халамжийн үйл ажиллагаа,урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарууд 2019 оны хөдөлмөрийн эрэлтэд хамгийн бага нөлөө үзүүлэх юм.

2019 оны хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн хувьд:

  • Мэргэжил боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэгддэг засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин зэрэг барилгын салбарын мэргэжлүүд, мөн эсгүүрчин, тогооч, худалдагчийн мэргэжлүүд эрэлттэй  байна.
  • Дээд боловсрол шаарддаг мэргэжлээс инженер, их эмч, нягтлан бодогч, эм зүйч, бага ангийн багш зэрэг мэргэжлийн ажиллах хүч эрэлттэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүх:

2018 онд хөдөлмөрийн зах зээлд  нийт 18200 ажиллах хүчний хомсдол бий болсон. Өөрөөр хэлбэл, 18200 ажлын байр эзнээ олоогүй.  Ажиллах хүчний хомсдол  нь хамгийн эрэлттэй байгаа барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбаруудад тохиолдож байна.

Улсын хэмжээнд нийт  93 мянган ажилгүйчдийн зөвхөн 25 хувь нь хөдөлмөрийн зуучлалын байгууллагуудад бүртгэгдсэн байна.  Нийт ажиллах хүчний хомсдолын 13 мянга нь нийслэлийн хэмжээнд байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд ажилгүйчдийг бүртгэх бүртгэлийн системээ сайжруулах шаардлагатай байгаа юм.

Мөн ажлын байранд хөдөлмөр зуучлалын байгууллагаар дамжуулан зуучлуулчихаад ажлын байр, шинэ орчиндоо дасахгүйн шалтгааны улмаас хаяж, улмаар ажилгүйчдийн эгнээнд буцан орох тохиолдлууд их гардаг байна. Үүнийг засахын тулд ажлын байранд зуучлагдсан иргэдийг байгууллагын шинэ соёлд дасан зохицох, тогтвортой, суурьшилтай ажиллахад нөлөөлөх зорилго бүхий зуучлалын дараах сургалтын хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр байна.

“Байгууллагууд хувь хүний хувьд зөв хүмүүжил, хандлагатай хүмүүсийг ажилд авахыг хүсдэг болсон. Зөв хандлагатай хүнээ олоод авчихсан байхад ажлын байранд шаардлагатай чадваруудыг заан, сургах боломжтой гэж үзэх болсон” гэж М.Алтансүх хэллээ.

Тэгвэл нийт хүн амын 70-аад хувийг эзэлдэг хөдөлмөрийн насны, тэр дундаа дөнгөж мэргэжил эзэмшин төгссөн залуучуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийн төвшин ямар төвшинд байна вэ?

2015-2016 оны хичээлийн жилд их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаас төгсөгчдийн дунд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгааны дүнгээр 2018 онд төгсөгчдийн 70.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, 12.1 хувь нь ажилгүй, 17.7 хувь нь эдийн засгийн идэвхигүй төлөвт байна.  Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн дүнд нийт ажилгүйдлийн төвшин дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар:

Ажилгүйдлийн төвшний дөрвөн хувиар буурсан үзүүлэлт Мэргэжил боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнтэй холбоотой.

Хөдөлмөр эрхлэлтийг сургуулийн төрлөөр ангилбал:

  • Их дээд сургууль төгсөгчдийн 75.2 хувь
  • МБСБ төгсөгчдийн 62.3 хувь нь тус тус хөдөлмөр эрхэлж байна.

Их дээд сургууль төгсөгчдөөс барилга архитектурын мэргэжлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу нийт төгсөгдийн 91.2 хувь нь ажиллаж байгаа бол нийгмийн хангамж, халамжийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн бага буюу  65 хувь нь ажиллаж байгаа үзүүлэлттэй байна.

“Нийт төгсөгчдийн 20.0 орчим хувь нь төгссөнөөс хойш 24 сарын хугацаанд огт хөдөлмөр эрхлээгүй бөгөөд түүний дотор 3.7 хувь нь урт хугацааны ажилгүйдэлд шууд өртсөн байна. Ийнхүү урт хугацаанд ажилгүй байх нь ажил олоход улам хүндрэлтэй болдог” гэдгийг И.Энхбаатар онцолж байлаа.

Төгссөнөөс хойш хоёр жилийн хугацаанд урт хугацааны ажилгүйдэлд өртсөн их,дээд сургууль  төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр авч үзвэл бизнес удирдлага, багш боловсрол судлал, инженер, анагаах ухааны чиглэлээр төгсөгчид бусад мэргэжлийн төгсөгчидтэй харьцуулахад хамгийн олноор урт хугацаагаар ажилгүй байна.

Төгсөгчдийн ажилгүйдлийн шалтгааны дийлэнх хувийг “ажил хайгаад олдохгүй” гэсэн шалтгаан эзэлж байна.

Хөдөлмөр зуучлалын байгууллагуудад бүртгүүлэх, албан байгууллагуудад хандах зэрэг ажил хайх аргууд байгаа ч интернет, хамаатан саднаа ажил олох эх сурвалж болгох үзэгдэл их байгаа нь судалгааны дүнгээр илэрч байлаа.

Хөдөлмөр зуучлалын байгууллагуудын цар хүрээг тэлэх, системийг сайжруулах,  интернет орчин бий болсон үед ажлын байрыг онлайнаар байршуулах боломжийг бүрдүүлэх, мөн их дээд сургууль болон МБСБ-ын элсэлтийн бодлогод  хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг уялдуулан ажиллах шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ