• Ерөнхийлөгч Унгар, Азербайжанд хийсэн айлчлалаа тайландаа тусгасангүй

    Монголын улсын Ерөнхийлөгч Х.Батуулга УИХ-ын чуулганд үйл ажиллагааныхаа тайланг тавьж байна. Түүний тайлангийн сонирхол татсан нэг асуудал нь гадаад харилцаатай холбоотой асуудал байлаа. Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гадаадад тун цөөхөн айлчлал хийсэн. Гэвч тайланд тэр тухайгаа бүр ч бага тусгажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулснаар “Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон” аж. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины удирдлагаар  Владивосток хотноо болдог “Дорнын эдийн засгийн чуулган”, мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпины урилгаар Чиндао хотноо болсон “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна.

    Уг нь тэрбээр Ерөнхийлөгч болоод удалгүй Унгарт айлчилсан билээ. 2017 оны 8-9 дүгээр сард Будапешт хотноо болсон жудо бөхийн ДАШТ-ийг үзэхийн ялдамд тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай анх нүүр тулсан билээ. Орбантай уулзахдаа Биокомбинатыг шинэчлэхэд тус улстай хамтрахаас эхлээд хамтын ажиллагааны тухай ярилцсан.  Түүний дараа Владивостокийн чуулга уулзалтад оролцсон. Энэхүү чуулга уулзалтад 2017, 2018 онуудад хоёр удаа оролцоод буй.

    Ерөнхийлөгчийн мөн нэг айлчлал мартагдаж. Тэр нь өнгөрсөн жил Азербайжан улсад хийсэн айлчлал юм. Мөн л тус улсын нийслэл Баку хотноо жудо бөхийн ДАШТ болсон учраас тийн айлчилсан хэрэг юм. 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс тэр айлчлах үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж, мөн  Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзан үйл ажиллагаатай нь танилцсан билээ. Энэхүү айлчлалыг яагаад тайлагнахгүй байгаа нь хачирхалтай.

    Мөн тэрбээр өнгөрсөн 2018 онд Бельги улсын Брюссель хотноо болсон АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцсон билээ. Тэдгээрийг яагаад дурдахгүй байгаа нь сонирхолтой.

    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ