Ерөнхийлөгч Х.Баттулга MSC компанийн утаагүй зуухыг хайж олохыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирт сануулав

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ерөнхий хяналтын сонсгол хийж байна.  Хуралдааны эхэнд утааны асуудлаарх Ерөнхийлөгчийн танилцуулгыг хийж, УИХ-ын гишүүд үг хэлэв.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

Байгууллага хоорондын уялдаа холбоо үнэхээр хангалтгүй байна. Засгийн газар, Нийслэл ажлаа хийгээч ээ. Ипотекийн зээлэнд гэхэд Эдийн засгийн байнгын хороонд асуудлыг авчирч байгаад Өргөдлийн байнгын хороо ярьж байгаад 149 тэрбум гаруй төгрөг суулгасан байсныг 600 орчим тэрбум болгож нэмэгдүүлсэн. Энэ эх үүсвэрийг гэр хорооллын иргэдийг Ипотекийн зээлд хамруулах эхний ээлжний боломж гэж харж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Утааны асуудлаар анх удаа Ерөнхий сонсгол явуулж байгаа нь маш зөв асуудал. Үүнийг аль эрт явуулах байсан. Дөрвөн гамшиг байгаад байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, зах замбараагүй хаяж байгаа хогны асуудал, усны бохирдол. Өнөөдөр бид үүний нэгийг нь яаж шийдэх вэ л гэж яриад сууж байна. Дөрвөн гамшгийг дөрвүүлэнг нь унтраах цогц асуудлыг яримаар байна. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг байна. Үүний ОО-ийн асуудлыг шийдэж чадаж байна уу. Энэ бол хөрсний бохирдол. Хөрсөнд хаяж байгаа бохирдол усны бохирдлыг бий болгож байна.

  Ерөнхийлөгч Х.Баттулга: 

Маш олон байгууллагаас маш олон хүн ирсэн өргөтгөсөн хуралдаан болж байна. Гэхдээ танин мэдэхүйн мэдээллүүдээ хоорондоо солилцдогоо одоо болимоор байна. Энэ мэдээллийг хэдэн жил ярилцаж, хоорондоо солилцов. Тоо нь ихдээд, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл ихдээд л байдаг.

Гадаадаас бөөн хүмүүс ирчихсэн юм шиг л бие биендээ утаа тэгсэн байна, барилга ингэсэн байна, тэр мөнгө хүрэхгүй, энэ мөнгө хүрэхгүй байна гээд л танин мэдэхүйн юм яриад чухал царайлаад ажил хийж байгаа юм шиг суугаад байна. Одоо болъё оо. Шийдэж цөхөөд байх юм ердөө байхгүй. Сэтгэл байвал хийчихнэ. Мөнгөгүй гэж ярьдагаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.

Энэ сонсголоор энэ Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй гармаар байна. Шийдлүүд гарга. Хөдөөг хөгжүүлэхийн тулд малчдыг орлоготой болго. Малчдын орлогыг бий болгох нь технологийн асуудал. Хөдөө аж ахуйн биржийг хөгжүүл. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Дагуул хотуудаа байгуулмаар байна. Ажилгүйдэл ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж, утаанаас сална.

Барилгын сайд Х.Баделхантай уулзсан. Ерөнхий сайд нь байлцсан. БОАЖ-ын сайдтай зургаа, долоон удаа уулзаж байна. Утааны асуудлыг ингэж ингэж шийднэ шүү гэж зөндөө хэлсэн. Малчдыг орлоготой болгохын тулд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад 3-5 жилээр малчдын орлогыг худалдаж авах гэрээг хийе. Ингээд 3-5 жилээр орлогоо баталгаажуулсан хүн чинь малаа маллана. Ингээд малыг эрүүлжүүлэх ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Мөнгөгүй гээд байвал бүх юм бүтэхгүй. Хамгийн харамсалтай нь, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга нь өөрөө утаагүй зуух зарсан компанитай холбоотой байгаад байна. Утаагүй зуух байхгүйг дэлхий нийтээрээ баталчихаад байхад 100-аад тэрбум төгрөгийн зуух шахсан. Одоо туршилт хийгээд яваад байна. Энэ бол маш олон хүүхдийн амиар туршигдсан.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

Агаарын бохирдлыг бууруулахын тулд 220 мянга гаруй айлыг сайжруулсан түлш хэрэглүүлж байна. Бид яндангийн тоог цөөлөх ёстой. Ингэхийн тулд цахилгаанаар халдаг дэвшилтэт технологуудыг хэрэглэх ёстой. Өмнө нь төр аль нэг бүтээгдэхүүнийг аваад ард иргэдэд 100 хувь тараадаг байсныг болъё гэсэн байр суурьтай байгаа. Мэргэжлийн байгууллагууд тухайн бүтээгдэхүүнд мэргэжлийн дүгнэлтээ гаргах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн эх үүсвэр баталгаат чанар дээр нь төр хувийн хэвшил, банк 3 хамтраад ажилламаар байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Танин мэдэхүйн зүйл ярилаа. Гишүүд анх нэг нэгнийгээ харж явж байгаа юм шиг нэгнээсээ асуулт асуугаад л хариулт аваад байх юм. Салбарын сайд нь нэг туршилт амжилтгүй боллоо зэрэг юм яриад суух юм. Одоо шийдэл яриач ээ. Та бүхний ярьж байгаа зүйлд шинэ юм нэг ч алга. Хуулийн дагуу хуралдаж байх зуур хууль бусаар хүн үхээд байна. Хурлын дарга дэгээ өөрчлөөд шийдлээ яриад яв л даа. Та бүхний танилцуулгаас ямар ч үр дүн гарахгүй. Нөгөө ярьдагаа л ярина ш дээ. Шийдэл ярь. Утааны асуудал нам харгалзахгүй хордуулж, урагт бас нөлөөлж байгаа шүү.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга  MCS компанийн шахсан зуухны асуудлыг хөндсөн.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

…Нийт гэр хорооллын 98 хувьд нь зуух шахсан. Одоо гэр хорооллын айлуудаар явж зуухаа буцаагаад аваач, танай компани. Хайгаад олох уу гэж  Байгаль орчны байнгын хорооны дарга   Л.Элдэв-Очирт хандаж хэлсэн.

 Харин Л.Элдэв-Очир:

….Намайг Ерөнхийлөгч гурав дахь удаагаа зуухтай холбож ярьж байна. Утаагүй зуухны төсөлд шалгарсан компани нь чадавхгүй болсон тул  MCS оролцсон. Сайн зуух болсон тул арилжааных болсон байх. Одоо  хүртэл “Өлзий” зуух байна уу гэж асуудаг.

Хууль хяналтын байгууллагад асуудлаа өгөхгүй бол ийм маягаар утааг ингэж улстөржүүлэхгүй ээ. Энэ хурал чинь болохгүй байна гэж та хэлж байгаа бол  санаачлагаа гартаа аваад Тамгын даргаараа   ахлуулаад явж болох байх. Өнөөдрийн хурал бол Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу л явагдаж байна. Өнөөдрийн сонсголын зорилгыг би өглөө хэлсэн.

 

Д.Хүдэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ