• Огцрохдоо хэлсэн М.Энхболдын үгэнд хийсэн анализ

    Avatar

    gereg

    2019-01-31

    УИХ М.Энхболд даргаа огцруулахаар баталсан хуулийнхаа дагуу өчигдөр түүнийг 60 гаруй хувийн саналаар огцрууллаа. Огцорсныхоо дараа УИХ-ын экс дарга индэр дээр үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгнээс цаашдаа тэдний бүлэглэлийнхэн чухам юу хийх вэ гэдэг таамгийг давхар хийж болох юм.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    ….нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

    Gereg.mn сайтын тоймч:

    УИХ үнэхээр зөвхөн Энхболд гэж хүнийг огцруулахаар хууль баталсан. Учир нь М.Энхболд 60 тэрбум ярьсныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгч огцрохоос татгалзаж, “хуулийн дагуу” огцрох “зарчмын шаардлага” тавьсан тул Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийг УИХ дэмжиж, олонхи дэмжсэнээр Монголын парламентад өрнөсөн хоёр сар гаруйн тэмцлийн үр дүн гарав. Зөвхөн түүнд зориулж баталсан хуулийг “олон нийт” шүүмжилж байгаа гэж М.Энхболд хэлсэн нь харин үгийн алдаа байлаа. Учир нь олон нийт яг ингэж шүүмжлээгүйн дээр М.Энхболдыг огцруулахыг харин ч дэмжсэн хандлагатай байв. Нөгөө талаар “олон нийт” гэж яг хэнийг хэлэх вэ? Гэдэг хариултгүй ерөнхий үгийг аанай л бусдын адил хэлчихэв.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Дахин энэ хуулийн зүйл, заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал битгий болоосой гэж би хүсэж байна.

    Gereg.mn сайтын тоймч:

    Ийм явдал гаргахгүйн төлөө одоо УИХ зөв хүнээ даргаар томилох ёстой.Мөн УИХ-ын даргыг Speaker болгох эрх зүйн зохицуулалтыг хийж, парламентын хөгжлөө дэмжих ёстой тухай www.gereg.mn-ийн тоймч ЭНД бичсэн билээ.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    ….Энэ удаад би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй.

    Gereg.mn сайтын тоймч:

    Өргөдлөө өгөх хангалттай том шалтгаан байсан нь төрийн албыг 60 тэрбумаар зарах ярианд оролцсон явдал. МАНАН гэх улстөр, бизнес, хууль,шүүхийг дамнасан бүлэглэлийн толгойлогч гэж яригдаж байгаа нь өөрөө бас ёс зүйн маш том асуудал. Гэвч энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө өмгөөлсөөр УИХ-ын даргаас буулаа. Монголын улстөрчид хэзээнээс ёс зүйн хариуцлага хүлээж сурах юм бол гэх асуулт М.Энхболдыг дагалдан улам бүр тодорч байна.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    Өөрийнх нь удирдсан УИХ сайн ажилласан хэмээн экс дарга хэлж, эдийн засгийг сэргээх, нийгмийн зарим асуудлыг шийдэх гарцуудыг хайж ажилласан гэв. Гэвч “Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа” гээд “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан. Тэд ажлынхаа үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнах биз ээ” гэв.

    Gereg.mn сайтын тоймч:

    Экс болоод удаагүй эгзэгтэй үедээ тэмцэгч тал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шүүмжлэхгүй бол улстөрч биш болно, мэдээж. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудлууд гэхэд хуулийн байгууллагууд дээр очоод төрийн талд биш, 49 хувийг авсан талд шийдэгдэж ирсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах хуйвалдааныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зохион байгуулсан гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлж байв. Харин одоо бол МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг хамгаалсаар байна шүүмжилсээр УИХ-ын даргаас нь буулгаж байгаа билээ.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү.

    Gereg.mn сайтын тоймч:

    “Энхболд огцронгуут л утаа арилаад, авлига алга болоод, шударга ёс тогтчих юм гэнээ, тээр огцроотохсон чинь утаагүй болчихов уу даа” гэх сошиалаар зориуд түгээсэн үгтэй адил үг хэлсэн нь түүний талынхны пиар үг гэдгийг тэрбээр баталчихав. Мэдээж нэг хүн огцронгуут огцруулсан хүмүүс нь “илбэт зурхай” шиг бүх зүйлийг сайн сайхан болгочихно гэж байхгүй. МАНАН бүлэглэл гэж нэрлэгдсэн сүлжээг үүсгээд, Монголын төр,төрийн алба, намууд бүхэлдээ тэр бүлэглэлд үйлчилж байгааг сануулсан сануулга, тэмцлийн үр дүнд М.Энхболд огцорсон. Энэ бол эхлэл бөгөөд хаа сайгүй хэрсэн сүлжээг сарниулахад багагүй хугацаа орно.Зэрэгцүүлээд бодлогоо зөв гаргаж, тууштай хэрэгжүүлж, авлигатай үр дүнтэй аргаар тэмцэж чадвал магадгүй таван жилдээ утаа арилах байх.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа.

    Gereg.mn сайтын тоймч:

    Хэн нэгэн “Ард түмний хайртай хүү” гэдэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ л дээ. Түүнийг нэгэн ТВ зориудаар “ард түмний хайртай хүү” гэж нэрлэснээс хойш тэгэж егөөдөх болсон. Гэхдээ амьдрал дээр, жинхэнэ ард түмний дунд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн рейтинг УИХ-ын дарга М.Энхболдоос тасархай өндөр байгаа нь үнэн. Өнөөдөр өрнөж буй процесс, үйл явдлын баатар учраас тэр. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 20 жилд Монголын улстөрийн гол дүр байгаагүй.Тиймээс өнөөдрийн авлига, ядууралд Л.Оюун-Эрдэнэ буруугүй,харин М.Энхболд л буруутай.

    Хүрсэн ба хүрэх амжилтын тухайд М.Энхболдын карьер төгсөж байгаа бол Л.Оюун-Эрдэнийнх дөнгөж эхэлж байна. Тэгээд ч М.Энхболд гэдэг улстөрчийн нэр төрийг хэн нэгэн зориудаар харлуулчихсан хэрэг биш бөгөөд аль хэдэн жилийн өмнөөс л “газрын наймаачин”, “хотын мафи” гэх алдар цолын эзэн болсон.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна.

    Gereg.mn сайтын тоймч:

    МАНАН-гийн Засгийн газар гэдэг нь 2004 оны сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг хэлж байгаа бололтой. Тэр үед МАН, “Эх орон-ардчилал” эвсэл зэрэг гол хүчнүүд сонгуульд орж, ойролцоо суудал авсан тул хамтарсан Засгийн газар байгуулж байв. Тухайн үед МАН (МАХН)-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж байв. Дотоод зөрчлөөсөө болж Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, М.Энхболдын тэргүүлсэн “Эв нэгдлийн” Засгийн газар байгуулагдсан. Энэ тухай ярихдаа М.Энхболд тухайн үедээ Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг жинхэнэ МАНАН байсан гэж хэлж буй бололтой. Гэвч хамтарч байгуулагдсан Засгийн газар бүрийг МАНАН гэж хэлэх нь өрөөсгөл юм. Харин М.Энхболдын толгойлдог гэх МАНАН бол төр, нам, хууль, шүүхийг бүгдийг хэрсэн сүлжээ гэдгийг хүмүүс одоо ойлгодог болсон байх.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.

    Gereg.mn сайтын тоймч:

    Өнгөрсөн өдрүүдэд харж байхад М.Энхболд “би тэрэнд тэгэж хандаж байсан” гэх аястай үгийг олонтаа хэлэх аж. Нэг талаар “ач санасангүй” гэж байгаа мэт. Энэ удаа ч өөрөө Ерөнхий сайдаар нь ажилласан Засгийн газартаа одоогийн Засгийн газрын сайдууд болох Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг ажиллуулж байснаа “дурсаж” тэднийг ач санасангүй гэх ухааны юм ярьжээ. Өмнө нь У.Хүрэлсүхэд газар,Лу.Болдод банк барих газрыг нь өгч байсан гэж ярьсан билээ.Өчнөөн олон жил бүх эрх мэдэлд байсан хүн хэн нэгнийг сайдад дэвшүүлэх, ажиллуулах, газрын зөвшөөрөлд гарын үсэг зурах байх л асуудал болов уу.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.

    Gereg.mn сайтын тоймч:

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэг удаа өрөөнд нь “Та миний нүд рүү харж байгаад 60 тэрбумын ярианд оролцоогүй” гээд хэлчих гэсэн ч УИХ-ын дарга М.Энхболд хэлж чадаагүй. Тэгээд ч уг ярианд оролцсон гэдэг нь батлагдсан.Цаашдаа ч тас гүрийхээр шийдсэнээ огцрох үедээ ийнхүү зарлав.Цаашдаа мөн 60 тэрбумын хэрэгт МАН-ын одоогийн дарга нараа ч оролцуулахаар шийдсэнээ “ургийн модыг зурна” гэх үгээрээ илэрхийлэв.

    УИХ-ын дарга асан М.Энхболд:

    …Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг бид хэлэлцэж эхэлсэн.

    Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин давтахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

    Gereg.mn сайтын тоймч:

    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийг шавартай хутгасан явдал. Хэдийгээр энэ бол зээл, буцаагаад төлөөд,уучлалт гуйчихна хэмээн зээл авсан зарим улстөрч пээдэгнэх маягтай байгаа ч албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг мөнөөсөө мөн. Мэдээж энэ явдал тэмцэлдэгч эсрэг талд өгөөш болж, МАНАН-гийн талын хамгийн том улстөр болсон билээ.Хэргийг том,жижиг гэж ялгах боломжтой бол МАНАН-гийнхны өдүүлсэн хэрэг уул шиг, ЖДҮ бол овоо шиг юмуу даа.

    Мэдээж цаашдаа ЖДҮ-гээр тултал улстөр хийх нь мэдээж. М.Энхболд үүнийгээ ч хэлэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • энэ хуулийг дэмжсэн гишүүд ямар тэнэг вэ ноён урваач нохой шарваач гэгч юм  боллоо анх яаж долоох шахаж байлаа даа,Энхболд минь үүнээс хойш ийм новшнуудад битгий итгэ чамд ирээдүй байгаа шүү,дараагийн сонгуульд бүгд унана хараарай,

    Холбоотой мэдээ