• Өмгөөлөгч Ц.Монгол:Зөрчлийн хуулиар сэтгүүлчдээс өшөөгөө авч, байгаль орчны хэргийг “хэрэг биш” болгож байна

    Өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх,эрх чөлөөг зөрчиж байгааг сэтгүүлчдийн жишээн дээр ярьсан бол мөн хуулиар байгаль орчны ноцтой гэмт хэргүүдийг зөрчил болгож байгааг жишээ баримттай ярив.

    ӨМГӨӨЛӨГЧ Ц.МОНГОЛ:

    Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин байх үед Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирсэн байдаг. Эдгээр хууль нь Монгол улсад мөрдөж ирсэн Ром-Германы эх газрын хуулийн системийг үндсэнд нь эвдсэн, амьдрал дээр хэрэгжихгүй хууль болсон.

    Сэтгүүлч худал мэдээлэл тараасан, бусдыг гүтгэсэн  тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” тухай зохицуулалтаар зохицуулагдах боломжтой байдаг.

    Үүнд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг тогтоож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах зэрэг хүлээнэ“ гэж заасан байдаг. Гэтэл албан тушаалтнууд асуудлыг Иргэний хуулиар зохицуулах боломжтой байхад Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтыг зөвхөн сэтгүүлчдээс өшөө авахын тулд хэрэглэх болгосон.

    Тухайлбал, сэтгүүлч  Ц.Б ЖДҮХС-тай холбоотой нийтлэлдээ “Баян” гэдэг компанийн нэрийг андуурч  “Баянхайрхан” гэж бичжээ. Тухайн үед компаниас сэтгүүлч эсвэл  хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдон засаад  нийтлүүлэх боломж байсан тийм үйлдэл гаргаагүй аж.  Улмаар сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр торгох арга хэмжээг зөрчлийн тухай хуулийн 6.21 зүйл заалтыг ишлэн авч хэрэгжүүлсэн байна.

    Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан бүл хүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно”  гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн зүгээс сэтгүүлч Ц.Б-г хүнийг гүтгэсэн гэсэн дүгнэлт гараагүй байна.

    Мөн сэтгүүлч нь бусдыг гүтгээгүй гэдгээ шүүхээр тогтоолгохоор гомдол гаргахыг хүссэн.Гэтэл гомдол гаргаад явсан нөхцөлд түүний ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 саяар торгох эрсдэл үүсээд байгаа юм.  Зарчмын хувьд эх сурвалж, сэтгүүлч болон байгууллагын аль нэгэнд зохих хэмжээний  торгуулийн арга хэмжээ авсан тохиолдолд дахин торгууль ногдуулах ёсгүй.

    Ингэж сэтгүүлч Ц.Б нь “бусдыг гүтгээгүй” гэдгээ шүүхийн байгууллагаар тогтоолгох боломжгүйд хүрээд байна.

    Иймээс Иргэний хуулиар хамгаалагдсан харилцааг Зөрчлийн тухай хуулиар өрөөсгөлөөр хавтгайруулан шийдвэрлэж байгааг өөрчлөх шаардлагатай.

    ОЛОН ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭРГИЙГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОДОРХОЙЛОХ НЬ ХУУЛЬ АЛДААТАЙГ ХАРУУЛЖ БАЙНА

    Мөн байгаль орчны хуулиар байгаль орчны ноцтой гэмт хэргүүдийг Зөрчлийн тухай хуулиар зөрчил болгож байгааг жишээ баримттай ярив.

    …Зөрчил гэдэг нь ялимгүй, нэг удаагийн үйлдэлтэй, нийгмийн хэв журам зөрчсөн тохиолдлыг авч үздэг. Гэтэл Зөрчлийн тухай хуульд эрүүгийн шинжтэй,  байгаль орчны эсрэг онц ноцтой гэмт хэргийг зөрчил болгон хувиргах заалтыг захиалгат байдлаар оруулсан байна.

    Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3-т “тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.  Энэхүү хуулийн заалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас гадуур малталтыг  байгаль орчныг сүйтгэн санаатайгаар явуулж, их хэмжээний ашиг олон, ашгийн нэг хувьтай ч тэнцэхгүй төгрөгөөр торгуулж байна.

    Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цегельник гэгч захиралтай “Адил-оч” ХХК олон тэрбум төгрөгийн үнэд хүрэх 16704 тонн жоншны хүдэр хулгайгаар олборлож, 5.2 га талбайд эвдрэл үүсгэж, 1.6 га талбайд 30 метр хүртэл гүн, 285,909.5 м.куб эзлэхүүнтэй ил уурхай бий болгож, нөхөн сэргээлт ч хийгээгүй тэр чигт нь орхисон. Хэргийн улмаас байгаль орчинд 200 079,746 төгрөгийн, Өлзийт суманд гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

    Хоёр шатны шүүхээр гэм бурууг тогтоосон байхад Дээд шүүхийн  Эрүүгийн танхимын шүүгч Г зөрчил, эрүүгийн хэргийн алин болохыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

    Харин анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад үндэслэлгүйгээр дахин буцаан эцэстээ мөрдөн байцаалтын шатанд ирэв. Мөрдөн байцаагч Одхүү нь тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадна санаатайгаар ил уурхай байгуулсныг нотолсон шинжээчийн дүгнэлт байхад хуулийн гаргалгааг гуйвуулан ашиглаж энэ хэргийг зөрчил болгоод байна. Олон тэрбумын хохиролтой, байгаль орчныг сүйтгэсэн Эрүүгийн шинжтэй гэмт хэргийг “зөрчил” гэж тодорхойлох нь өөрөө хуулийн алдаатайг нотолж байна.

    Зөрчлийн тухай хуулийн  7.11 дүгээр зүйлийн 2.3 заалтыг хэн нэгэн эрх мэдэлтэн, өндөр албан тушаалны захиалгаар албаар оруулсан байх гэж сэжиглэж  байна.

    Г.Сүрэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ