• Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэргүйгээр эмнэлэгт үзүүлэх боломжтой болжээ

    Сүрэн Лхагва

    Сүрэн Лхагва

    2019-01-29

    Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн байна.

    Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирэх юм байна.

    Ингэснээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч, огт хэрэгцээгүй болж байгаа эсэх талаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодруулахад, “Ер нь бол эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах шаардлагагүй. Гэхдээ зарим тохиолдолд жишээ нь хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт харагдахгүй гэсэн үг.

    Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх боломжтой тул цэнхэр дэвтэр ашиглалтаас гарахгүй. Аль алинаар нь л үйлчлүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн лавлагаанаас таны орлогын баримт харагдаж байвал та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрх нь нээлттэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээг авах боломжгүй.

    Иргэд заавал өвдсөн үедээ эрүүл мэндийн даатгал төлнө гэхээс илүү өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал юм. Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгаар  эрүүл мэндийн даатгал нь албан журмынх болсон. Хэрэв та Монгол Улсын иргэн л бол эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ