Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөр, зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлалт гуй

УИХ-ын чуулганаар дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа олон хүүхэд нас барсан тухай ярьсан. Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өглөө.

Д.Сарангэрэл “Одоогийн байдлаар H1N1 вирусын улмаас нэг ч хүүхэд эндээгүй байна. 2017, 2018 онд хатгаагийн эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Та бүхэн тэр 20, 30 жилдээ сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, агаарын бохирдлоо бууруулахад зарцуулсан мөнгөө яасан юм бэ, 500 гаруй тэрбумыг зарцуулсан гэдэг. Тэр их хөрөнгөөс хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон УИХ-ын гишүүн тэр дундаа Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.

Өнөөдрийн байдлаар H1N1 вирусын улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусын халдвар авч нас барсан” гэлээ.

Д.Хүдэр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ