• Speaker биш спийкер

    Speaker гэж хэн бэ? Тэгвэл спийкер гээд криллээр бичихээр хэн болох  вэ? Speaker гэдэг нь парламентат ёс өндөр  хөгжсөн  улс орнуудын парламентын даргыг хэлдэг.  Харин спийкер гээд криллээр биччихвэл  засаглалын зааг ялгаа бүдэг, тэгсэн атлаа парламент  нь төрийн эрх барих дээд байгууллага болдог Монголын УИХ-ын дарга гэж тайлбарлавал монголчилж ойлгоход хялбар байж магадгүй.

    “Та нар Энхболд гэж хүнтэй тэмцэх гээд парламентынхаа амин чанар,зүрхэн газарт халдаж байна” гэж Ж.Мөнхбат тэндээс хоолой шахахад “Дөчин гишүүнээсээ илүү эрх мэдэлтэй Энхболд гэж хүнийг огцруулах нь харин ч парламентынхаа дархлааг  хамгаалж буй хэрэг” гэж Ж.Батзандан хажуугаас нь цуурайтуулна.

    “Цаашид УИХ-ын дарга бол “дарга” биш “спийкер” байх ёстой гэж парламентат ёсны хичээл заадаг Д.Лүндээжанцан  гишүүн онолдож, Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаа огцруулах гэж гарын үсэг зурдаг спийкер дэлхийн түүхэнд байхгүй” гэх. Speaker гэдэг үгийнхээ утгыг гишүүд буруу зөрүү ойлгоод байна уу, хамгаалагч ба огцуулагч гэх хоёр тал өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байна уу?  М.Энхболд даргыг огцруулснаар үнэхээр Монголын парламент дархлаагүй болох уу, эсвэл огцорсноор парламент  бэхжих үү?

    УИХ-ын даргаа хуулиар  Speaker болгоогүй цагт ямар ч ялгаа байхгүй аж. Өөрөөр хэлбэл, Энхболдын оронд  хэн боллоо ч хуулиа өөрчлөхгүй бол хэт эрх мэдэлтэй, хэн нэгний бүлэглэлд үйлчилдэг “дарга” хэвээр байна.

    Д.Лүндээжанцан гишүүний  байнгын хорооны хурал дээр ярьснаар бол УИХ-ын даргыг парламентын speaker болгох ёстой. Их Британи, Нидерланд, Итали зэрэг жинхэнэ парламентын засаглалтай улс орнуудад speaker болсон хүн хуулийн дагуу намаасаа татгалздаг байна. Намаасаа татгалзсан speaker парламентад намынхаа эрх ашгийг хамгаалах үүрэггүй болж байна гэсэн үг.

    Харин парламентын үйл ажиллагааг зохион байгуулах, эв нэгдлийг хангах буюу гишүүдэд алагчлалгүй хандах, хурал удирдах зэрэг үүрэгтэй болдог ажээ. Аль нэг нам, хүний нөлөөнд автахгүй байх нь speaker-ийн хамгийн чухал үнэлэмж учраас нэр хүндтэй, туршлагатай, мэдлэгтэй хүнээ speaker-ийн суудалд түшиж аваачиж суулгадаг ёс жаяг ч зарим улсад үйлчилдэг гэнэ.

    Speaker нь улстөрийн албан тушаал биш, томилгоо, хяналтын эрх мэдлийг төвлөрүүлэгч манай УИХ-ын дарга шиг институт маягийн эрх дарх биш учраас цөөнхийн төлөөллөөс ч томилогдож  болдог аж. Улмаар нэгэнт томилогдсон Speaker-ээ тухайн парламентын бүрэн эрхийн хугацаанд буулгахгүй дархалж,  өндөр цалин хангамж эдлүүлдэг сайхан туршлагууд байна.

    Одоо харин М.Энхболд дарга яагаад Speaker биш “дарга”  болохыг ойлгосон байх. УИХ-ын дарга хуулиараа намаас татгалздаггүй,тийм  учраас “улстөр хийх”, өөрийн талын хүмүүсээ УИХ-аас томилогддог албан тушаалууд дээр тавих бүрэн эрхтэй. УИХ-аас батлах хуулийн ажлын хэсэгт хэнийг оруулахаа УИХ-ын дарга шийддэг, хяналт, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч дарга  л шийддэг.Нэг үгээр, УИХ-ын кноп дарахаас бусад бүх эрх мэдэл ганц даргад хадгалагдаж байгааг гишүүн Х.Нямбаатар “институцийн хэв маягтай болсон” хэмээн тодорхойлсон.

    Эндээс  М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаас бууснаар  парламентын дархлаа сулрахгүй гэдэгтэй санал нийлж байгаа байх. Нэг үгээр, М.Энхболд (түүнээс өмнөх УИХ-ын дарга нар ч адил) сонгодог парламентын speaker биш.Ийм байх эрх зүйн зохицуулалтгүйн дээр одоогийн УИХ-ын даргын хувьд ёс зүйн асуудал давхар хөндөгдөж байгаа. Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах ярианд оролцсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө огцрох өргөдлөө өгөх шаардлагыг УИХ-ын 40 гишүүн даргадаа тавьж, УИХ-ын үйл ажиллагааг бараг хоёр сар бойкотолсон ч хариуд нь  “хуулийн дагуу огцрох” ганцхан болзлыг тавьсаар “Энхболдын хууль” гэгдсэн хуулийг батлуулж авсан.

    Дээр дурдсанчлан УИХ-ын дарга сонгодог парламентын Speaker шиг хуулийн статусгүй атлаа зөвхөн өөрийн хүсэлтээр юмуу өвчний учир гэх мэт шалтгаанаар УИХ-ын даргаас буух хуулийн зохицуулалт хийсэн нь буруу байсныг харлаа.

    Тиймээс парламентын эв нэгдлийг хангах нь байтугай намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурах хүртлээ  хагарлыг өдөөж, улстөрийн тэмцэлд улайрдаг  УИХ-ын даргыг буулгах нь парламентын дархлаанд цөвтэй явдал огт биш юм.

    Цаашдаа мэдээж УИХ-ын даргаа speaker болгох эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.Ингэснээр парламент нь ард иргэдийн төлөөлөл байх үүргээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэхэд нэг алхам болох нь мэдээж.

    Т.Үлэмж

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ