• АН сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлав

    УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, өнөөдөр өргөн барих гэж байгаа тухайгаа онцоллоо.

    С.Эрдэнэ “Олон иргэд, сонгогчдын саналыг үндэслээд, сүүлийн үед болж буй үйл явдлуудыг хараад уг хуулийн төслийг санаачлах зүй ёсны шаардлага байна гэж харлаа. Маш олон иргэд сонгогчид УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйгүй, төрт ёсны уламжлалыг мөрдөхгүй, олон худлаа амлалт өгч байгаа зэрэг асуудлаар уулздаг байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байсан.

    УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгах таван тохиолдол бий. Үүнд, нас барсан, өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан, хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан, үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан гэсэн чөлөөлөх заалтууд байдаг.

    Харин Канадад сонгогчдын 25 хувь нь гишүүнийг чөлөөөлөх гарын үсэг зурсан бол, БНХАУ-д 10 хувь, Нигерт 50 хувь гээд маш олон улсад эрх зүйн зохицуулалт байдаг юм байна. Тиймээс парламентын засаглалтай, ардчилсан улс оронд байдаг заалтыг судалсны үндсэн дээр сонгогчдын сонгох болон эгүүлэн татах эрхийг ижил түвшинд хүргэхээр хуулийн төслийг санаачилсан юм.

    Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй” гэлээ.

    С.Баатар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ