Тамаваши Б.Мөнх-Оргил хүүтэй ч боллоо, сумогийн дээд зиндаанд ч анх удаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр өндөрлөж, Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатайгаар түрүүллээ.

Өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил Эндотой барилдаж 13 дахь даваагаа авсан юм. Өчигдрийн барилдааны өмнө их аварга Хакухо М.Даваажаргал энэ сарын башёг өнжих болсноор Хацү башёг Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлж, сэкиваке Такакейшо удаалж байсан юм.

Тамаваши Б.Мөнх-Оргил нь мэргэжлийн сүмод анх 15 жилийн өмнө орж байсан бөгөөд дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч башёг өнжиж байгаагүй ажээ. Ингэснээр тэрбээр Монгол бөхчүүдээс түрүү авсан долоо дахь бөх болов.

Мөн 34 настай Тамаваши Б.Мөнх-Оргил нь Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дугаарт бичигдсэн содон амжилтын эзэн боллоо. Түүний өмнө кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг бөгөөд 2012 он тав дугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж байсан билээ.

Мөн өнөөдөр түүний эхнэр төрж, хоёр дахь хүүгээ өлгийдөн авчээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ