
Үндэсний аудитын газар болон орон нутаг дахь Төрийн аудитын газрын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд 50 гаруй удирдах ажилтнууд оролцож байна.
Зөвлөгөөнөөр 2018 оны үр дүнгээ болон 2019 оны зорилтоо тодотгон ярилцаж байна. 2018 онд Үндэсний аудиторын газарт ажилласан олон улсын зөвлөхүүд “Монгол улсын төрийн аудиторын байгууллагын үйл ажиллагаа нь стандартад нийцсэн, хэвийн явагдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гэвч тайлант хугацаанд хийж гүйцэтгэж байгаа аудитын тайлангийн нийт тооны хувьд харьцангуй ачаалалтай байгаа учир тайлан бүртээ “Аудитын баримт бичиг, нотлох баримтыг стандартын түвшинд хийх ёстой” гэсэн зөвлөмжийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.
2018 онд гэхэд Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн 3806, гүйцэтгэлийн 200, нийцлийн 97, нийт 4103 аудит хийж гүйцэтгэжээ. Аудитын шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 66.7 хувийг аудитын шалгалтын явцад залруулсан ба үлдсэн зөрчлийг залруулахаар акт,албан шаардлага, зөвлөмж өгч ажиллажээ. Илрүүлсэн нийт зөрчлийн тоо өмнөх оноос 6,7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Аудитын тайлан нь үнэн зөв мэдээллийг тухайн цаг үед болон цаг үе өнгөрсний дараа ч гэрчлэх баримт, нотолгоо болдог.
2019 оныг дотооддоо “Аудитыг баримтжуулах бодлого, арга зүйг боловсронгуй болгож төлөвшүүлэх” жил болгон зарласан байна.
Аудитыг баримтжуулах ажлын хүрээнд дараахь хоёр ажлыг хийх аж.
- Төрийн аудитын байгууллагын архивд баримт материал буюу аудитын тайланг хүлээн авах журмыг шинэчлэн боловсруулах
- Цахим аудитыг хөгжүүлэх ажлын хүрээнд гүйцэтгэсэн аудитын тайланг цахим архивд бүртгэж мэдээллийн сан үүсгэх
2019 онд Аудитын байгууллагаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгээс тодрууллаа.
-Төрийн аудитын байгууллага нь төр ард түмний татварын мөнгийг ямар ажил, үйлчилгээнд үр ашигтайгаар, арвич хямгач байдлаар зарцуулсан бэ гэдгийг мэдээлэх үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ дагуу эргүүлээд ард иргэд аудитын байгууллагыг ямар сэдвээр дүгнэлт гаргаж, мэдээлээсэй гэсэн хүлээлт дээр тулгуурлан санал авч ажиллана. Аудитын сэдвийн бодлогын хүрээнд улсын хөгжлийн бодлогод нөлөөлөхүйц эрүүл мэндийн, боловсролын, хүнсний аюулгүй байдлын зэрэг нийгмийн салбаруудын тогтолцоонд дүгнэлт, шинжилгээ хийнэ.
-2008-2016 онуудад Агаарын бохирдлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбүүдийн хэрэгжилтэд аудит хийхээр төлөвлөсөн үү?
-Жилийн аудит хийх сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталдаг. 2019 оны батлагдсан сэдвүүд дунд Цэвэр агаар сан, Агаарын бохирдлын холбогдолтой сэдэв бол батлагдаагүй.
Г.Сүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on on that Topic: gereg.mn/news/13659 […]