• Яамдууд данхар бүтэцтэй ч мэргэжлийн хүнээр дутмаг байна

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах гишүүд саналаа хэллээ.

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн алба хэтэрхий данхар байгаа талаар өмнө нь би хэлж байсан. 10 жилийн хүүхдүүд бүтээлч буюу инженерийн мэргэжлийг сонирхдог болсон байна. Төрийн албыг сонирхох нь илт буурчээ. 240 мянган төрийн алба хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Дэлхийн жишигтэй харьцуулахад энэ нь маш том тоо. Төрийн алба цомхон байж төрийн алба хаагчдын цалин хөлс нь нэмэгдэнэ. Үүнийг хүн бус хуулиар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн дундажтай ойртох ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг цалинд зарцуулах нь зохисгүй юм”.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ж.Ганбаатар гишүүн зөв зүйлийг хэллээ. Төрд орчихвол амар хялбар амьдрах юм байна гэдэг ойлголт нийгэмд гарсан нь үнэн. Төр данхар болж байгаа нь үнэн. Жил бүр төрийн алба хаагчдын тоо нэмэгдэж байна. Үүнийг зохицуулж анхаарч ажиллах  газар нь Төрийн албаны зөвлөл. Ард түмэндээ үйлчлэх ёстой үйлчлэгч гэдгээ төрийн алба хаагчид мэдэж  байх ёстой. Тийм учраас үүнийг хуульд тодорхой тусгасан. Төрийн албаны зөвлөл шинэ дүрэм, журамтай боллоо. Төрийн албаны зөвлөл улс төрөөс ангид ажиллах нөхцөл боломж нь илүү бүрдэж байгаа учир өмнөх шигээ ажиллахгүй шүү”.

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Өмнө нь хоёр яам 100 хүрэхгүй хүнтэй ажиллаж байсан бол одоо нэг яамд 100 гаруй төрийн алба хаагчид ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн хүн 2-3-аас хэтрэхгүй шүү. Энэ мэт яамдууд мэргэжлийн хүнээр дутмаг байна. Төрийн албаны хангамж нэмэгдэх хэрээр арын хаалга нь нэмэгдэнэ шүү. Төрийн алба руу шуурах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Төрийн албаны зөвлөл  2012 оны өмнөх шигээ ажиллах нөхцөл боломж энэ хуулийн төслөөр олгогдож байгаа гэж ойлгож байна”.

    Ийнхүү гишүүд үг хэлсний дараа  “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж олонхи дэмсэн тул  эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ