
Монголын Үндэсний бөхийн холбооны маргаантай байгаа талууд өчигдөр/2019.01.23/ уулзаж, зөвшилцжээ. Үндэсний бөхийн холбоо хоёр холбоо, хоёр тэргүүнтэй болсноос хоорондоо шүүхдэлцэж буй.
Ийнхүү шүүхдэлцэж байгаа ч Монгол бөхийн аваргууд тэргүүлэн хоорондоо уулзсан аж. Өмнө нь маргаантай талуудаас Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хоорондоо уулзан эвлэрч Бөхийн өргөөгөө нээхээ мэдэгдэж байлаа. Гэвч Л.Чинбат нар уг асуудлыг эсэргүүцэж байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн уулзалтад Л.Чинбат өөрөө оролцож “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуран Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар боллоо.
Мөн МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ.
Энэхүү уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс болон бусад цолтой бөхчүүд оролцсон байна. Мөн МҮБХ-ын тэргүүн хэмээгдэж буй Л.Чинбат, бөх судлаач Ү.Хүрэлбаатар нар оролцсон байна.
Санамж бичгийн хүрээнд:
- МҮБХ-ны ээлжит “Их Эе”-ийг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах
- “Их Эе”-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулах
- “Бөхийн өргөө”-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөн, санал нэгджээ.
Түүнчлэн “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан ажээ. Ийнхүү бараг жилийн хугацаанд үүдээ нээгээгүй Бөхийн өргөө нээгдэхээр боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй