• БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нээлтээ хийлээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн XX хороо, Сонсголонгийн гүүрний зүүн талд нэгэн өнгө алагласан байшин баригджээ. Энэ бол БНХАУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдсан 30 сая ам.долларын санхүүжилт бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”.   

    БНХАУ-ын тал тус төвийг  Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч буйгаа өнөөдөр  зарлаж, нээлтэд нь ХНХ-ийн сайд  С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг  болон албаны бусад хүн оролцлоо. Цаашид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үйл ажиллагааг нь хариуцан ажиллах юм байна.

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ёслолыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж,  үг хэлсэн юм.

    Тэрбээр “Энэ төвийн барилгын ажлыг 2016 оноос эхлүүлсэн. Монгол, Хятад хоёр хөрш орны найрамдлын бэлгэдэл болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлогтой” хэмээв. Түүнчлэн салбарын сайд энэ оны төсөвт 2.4 төгрөгийг суулгасан бөгөөд тус төвийг 190 хүнтэй ажиллах боломжийг олгож буйгаа дуулгалаа.

    Харин Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тунгалаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн үүрч буй ачаанаас төр хуваалцах болсонд баяртай байна. Бид хүүхдээ хөтлөөд олон шат дамжлагаар явж хугацаа алддаг байсан. Одоо энэ бүхэн дуусгавар болж, бид хүүхдээ үзүүлж, үйлчилгээ авах нэгдсэн төвтэй болж байгаа нь сайшаалтай.

    Хөгжлийн бэрхшээл бол өвчин биш,хүүхэд бүр хөгжиж, суралцах ёстой. Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт боломж олгож байгаад эцэг, эхчүүд баяртай байна. Манай холбоо 20 гаруй жилийн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна.  Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлийг эрт оношилж, эмчлэх боломж бүрдэж буй нь чухал юм” гэдгийг онцоллоо.

    Шинээр ашиглалтад орж буй тус төв нь нийт 14990 ам.метр талбайтай  бөгөөд олон улсын стандартад нийцсэн сэргээн засах үйлчилгээг үзүүлэх юм. Мөн 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх ортой, амбулатори эмчилгээнд өдөртөө 500 хүүхдийг хамруулах боломжтой аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүд хүүхдүүддээ шаардлагатай тохирох энгийн туслах хэрэгсэл /протез, ортопед/-ийг хийлгэж авах боломжоор хангагдаж байгаа юм.

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь өдрийн болон түр байршуулан сэргээн засах, явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.  

    Тус төвийн үйл ажиллагааг жигдэртэл хамтран ажиллах бөгөөд эмч, сувилагчдыг өөрийн орондоо мэргэшүүлэх боломж олгож буйг хөрөнгө оруулагч талын төлөөлөгчид энэ үеэр хэллээ.

    Энэ онд мөн  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж 20.4 сая ам.долларын хөрөнгөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү цогцолбор нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ширээний теннис, сагсан бөмбөг зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжийг олгосон, олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимтай байх аж.

    Тус төв нь цаашид гадна талын ногоон байгууламжийг барихаас гадна, автобусны буудал, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр барих, хүүхдийн спорт талбай байгуулах зэрэг ажлыг шийдэх үлджээ.

    Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 100 мянга гаруй буюу нйит хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Үүний 11 мянга гаруй буюу 10 хувь нь хүүхэд байна.

    Г.Сүрэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ