Нийслэлд 500 мянган автомашины утааг хэмжихэд 23 багаж хүрэлцэхгүй байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас гаргасан судалгаагаар автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг бүрдүүлж байна. Хэдийгээр гэр хорооллоос ялгардаг утаанаас хэд дахин бага ч учруулах хор хөнөөлийн хувьд аюултайг мөн Эрүүл мэндийн байгууллагуудаас  дүгнэлт гаргасан байдаг.

Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж, тэдгээр нь хорт хавдар үүсгэдэг гэнэ.Гэхдээ автомшинаас хэр их утаа ялгарч байгааг тэр бүр хэмжиж чаддаггүй гэнэ.

Нийслэлд явж буй автомашинаас ялгарах утаа стандарт хэмжээг давсан эсэхэд дараахь аргуудаар мэдэх, хянах  боломжтой гэнэ.

Жил бүр авто тээврийн хэрэгслийг улсын оношилгоо техникийн үзлэг, шалгалтаар оруулахдаа яндангаар хаяж байгаа утааны хийн агууламжийг хэмждэг. Стандартад тэнцэхгүй тохиолдолд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлэхийг шаарддаг байна.

Мөн Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран  жил бүр ажлын хэсэг байгуулагдан хяналт шалгалт хийдэг ба 2018 онд замын хөдөлгөөнд оролцож буй нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийжээ.Нийт дизель хөдөлгүүртэй 798, бензин хөдөлгүүртэй 181, хий, цахилгаан хосолмол хөдөлгүүртэй 20 тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулснаас зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү утаа ялгаруулж буй 625, хэвийн буюу стандартын шаардлага хангасан  389 тээврийн хэрэгсэл байсан байна.

Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү утаа ялгаруулж буй 625 авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн арга хэмжээг Замын цагдаагийн албанаас тавьж, зөрчлийг арилгуулах зөвлөмж, зөвлөгөө өгчээ.

Гэхдээ энэ зөвлөмж, зөвлөгөөрөөр иргэд утаа их ялгаруулдаг машинаа барихгүй байна гэж юу л бол…Улаанбаатарын зам дээр  түгжрэх автомашинууд бөөн бөөн утаа савсуулан зогсож байгаатай бид цаг үргэлж амьсгалаараа “золгож” байна.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргалын ярьснаар, жил бүр хамтарсан ажлын хэсэг байгуулагдан 6-аас 10 сар хүртэлх хугацаанд сард 2-3 удаа авто тээврийн хэрэгслээс ялгарах утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжих хяналт шалгалтын ажлын зохион байгуулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг аж.

Гэвч авто тээврээс ялгарах утаан дахь бодисуудыг хэмжигч уг багаж нь нийслэлийн хэмжээнд суурин 18, зөөврийн 5 байдаг, дээр нь жилд 2-3 л удаа хэмждэг нь уг ажлын үр дүн  тааруу байгааг илтгэнэ.

Өөрөөр хэлбэл, автотээврийн үндэсний төвд автомашины утааг хэмжих суурин 18, зөөврийн 5  багаж байгаа ба ирэх жилүүдэд энэхүү тоог 70 болгох учиртай.

2018 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 496,720 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг. Тэгвэл 1 ширхэг хэмжигч багажинд 21,596 авто тээврийн хэрэгсэл ноогдож байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн гуравдугаар зорилтод “Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг 20 ширхэг, Замын цагдаагийн албан хаагчдыг 50 гаруй утаа хэмжигч багажаар хангаж хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэх” ажлыг 2017-2021 онуудад хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Хэрвээ энэ ажил биелэлээ олон 70 ширхэг утаа хэмжигч багажтай болж, өдөр тутам авто тээврийн хэрэгслээс ялгарах утаан дахь агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжин, зохих арга хэмжээг авч ажиллавал нийслэлийн агаарыг бохирдуулагч эх үүсвэр 10 хувиар буурах боломжтой гэнэ.

Г.Сүрэн

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ