• “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн цахим мэдээллээр авлигатай тэмцэнэ

    “Бид уучлахгүй хөдөлгөөн” цахим жагсаалын залуус албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж “Бид уучлахгүй” ТББ болжээ. Тэд өнөөдөр “Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл” сэдвээр мэдээлэл хийлээ.


    Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотойгоор цахим орчинд “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хөдөлгөөн маань албан ёсоор хуулийн этгээд болж, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага боллоо.

    Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотой мэдээллийг анх гурван нээлттэй мэдээлэлд тулгуурлаж илрүүлсэн. Үүнд Шилэн дансны хуультай холбоотой датад тулгуурласан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй дата, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө оруулгын мэдүүлгийн сайтаас иргэд өөрсдөө мэдээллийг хайж, Монголд авлигын хэргийг ингэж илчилж болдог гэдэг сэдлийг өгсөн.

    Ирэх сарын 15-нд төрийн 40 мянган албан тушаалтан Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Өнөө өглөө авсан мэдээгээр 15 мянган албан хаагч бүртгүүлсэн, УИХ-ын 76 гишүүнээс хоёр нь дөнгөж хөрөнгө орлогын мэдээгээ өгсөн байна. Тиймээс төрийн байгууллагуудын мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохыг шаардаж ажиллана.

    Иргэн бүр гар утасны аппликешн, веб сайтаар дамжуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал шийдэл боловсруулах цахим гарын үсэг зуруулж, төрийн байгууллага руу нь хандаж шаарддаг. Цахимаар иргэний оролцоог хангахын тулд нэр бүхий таван хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

    Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн 49% нь авлигыг үгүй болгоно гэдэг итгэлгүй байна. Судалгаанаас харахад иргэдийн 36 хувь нь авлигын талаар мэдээлэхээс айдаг юм байна. Авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул айдаг байна.

    Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг шинээр батлуулах талаар иргэний санаачлага гаргаж, нөлөөллийн шинэлэг арга барилыг хэрэгжүүлнэ. Бид вебсайтын төслийн санаагаа нийтэд танилцуулахдаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив гуйж, хамтдаа бүтээх аян эхлүүлье.

    Засгийн газрын тусгай сантай холбоотой УИХ-ын маш олон гишүүн илэрч, шалгагдсан. Гэвч одоо тэр гэмт хэрэг нь “боомлигдчихсон” байгаа. Энэ гэмт хэргийн кейс нь бидэнд том боломжийг  харуулсан. Тэгэхээр энэ авлигын хэргийг илүү үр дүнтэйгээр илрүүлж чадна гэж үзэж байгаа.

    Тиймээс тус хөдөлгөөн Засгийн газар, яамд, агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, тусгай сангууд зэрэг төрийн байгууллагууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдох мэдээллүүдийг нийтэд ил тод байлгах замаар датад суурилсан авлигын эсрэг иргэний хяналтыг хөгжүүлэхэд санаачилгатай ажиллана.

    Энэхүү загваруудаа ашиглан иргэдээс авлигын талаар мэдээлэл авахаас гадна цахим гарын үсэг цуглуулдаг болох аж. Тухайлбал, аливаа нийгмийн асуудлаар 10,000 хүн цахим гарын үсэг зурвал Засгийн газар, 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх”  гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ