Амьтны сэг зэм, гэмт хэрэг үйлдэгдэж байх үеийн зураг зэргээр дамжуулан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх боломжтой гэв

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан”-г байгуулах боломжийн талаар  төрийн захиргааны байгууллагууд, гадаад болон дотоодын төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцлээ.

Яг одоогийн байдлаар Эрүүгийн хэргийн  бүртгэл, хяналтын нэгдсэн мэдээллийн сан,  Байгаль орчны мэдээллийн сан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийн архив, амьтдын хууль бус худалдааг бууруулах зорилготой Соргог аппликейшн зэрэг мэдээллийн хэрэгслүүдээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг авах боломжтой байна.

Тэгвэл “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан”-г байгуулснаар эдгээр мэдээ, мэдээллүүдийг зохион байгуулалттай системд нэгтгэж, цаг алдан олон эх сурвалжаас хайхгүйгээр мэдээллийг хэрэглэх боломжтой болох аж.

ХЗДХЯ-ны  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал:

Сантай болсноор хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоон,урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулах боломжтой болно.

Хэлэлцүүлгийн үеэр  төрийн захиргааны байгууллагуудаас мэдээ, мэдээллийг товлосон нэг хугацаанд, тодорхой форматын дагуу авч байх талаар ярилцлаа.Үүний зэрэгцээ  иргэдээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мэдээллийг авах асуудлын талаар мөн хөндөгдсөн.

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Ш.Мягмарсүрэн:

“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан”-г үүсгэснээр иргэдээс илгээсэн  амьтны сэг зэм, гэмт хэрэг үйлдэгдэж байх үеийн зураг зэргээр дамжуулан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мэдээллийг “Соргог” аппликейшнээр дамжуулан авах боломжтой болно.

Хил хамгаалах ерөнхий газрын ахмад Одхүү:

Иргэдээс гэмт хэргийн мэдээллийг нэгдсэн сангаар дамжуулан авсан тохиолдолд түүнийг бүртгэх, шалгах, гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх бүх үйл явцыг олон нийтэд нээлттэй буюу интернет сүлжээнд байршуулах хэрэгтэй.

ХСС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал,доктор,цагдаагийн хурандаа  М.Эрдэнэбаяр:

Гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх үйл явцыг нээлттэй байлгахад санал нийлж байна. Харин энэ төрлийн гэмт хэргүүдэд шинжилгээний дүнг заавал хавсаргах хэрэгтэй.  Ялангуяа уул уурхайн салбар дээр үүсдэг болон хууль бус агналттай холбоотой хэргүүд дээр ямар шинжилгээний арга хэрэглэсэн, шинжилгээний үйл явцыг болон үр дүнг мөн адил нээлттэй байлгах хэрэгтэй. Ийнхүү шинжилгээний дүнтэй танилцсанаар гэмт хэрэг гарах шалтгааныг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой болно.

 

Г.Сүрэн

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ