Давосын чуулганд АНУ, ОХУ, Франц, Их Британи, Энэтхэгийн удирдагчид очоогүй нь үл мэдэг “хүйтэн” уур амьсгалтай болгожээ

Энэ сарын 22-ны өдөр Давост нээгдсэн Дэлхийн эдийн засгийн форум-2019  жил тутмын чуулганы нөхцөл байдал үл мэдэг “хүйтэн” байсан тухай хэвлэлүүд онцолж байна.

Яагаад гэвэл засгийн газар нь зогсонги байдалд орсны улмаас АНУ чуулганд оролцох байсан бүх төлөвлөгөөгөө цуцалсан бол “Шар хантаазтанууд”-ын хөдөлгөөн, “Францыг сонгох” II чуулга уулзалтад бэлтгэж байгаа учраас Францын удирдагч форумд оролцоогүй, “Европын холбооноос гарах” хэлэлцээрийг парламентын төлөөлөгчдийн танхим нь зөвшөөрөөгүйгээс болж Их Британийн удирдагч форумд ирээгүй бол Орос, Энэтхэгийн удирдагчид ч тус тусын шалтгаанаас болж форумд оролцсонгүй.

Популизм, худалдааг ивээх үзэл өндөлзөж, даяаршил, чөлөөт худалдаанд хатуу сорилт тулгараад байна. Мөн дээр дурдсан орнуудын удирдагчид ирж чадаагүй нь дэлхийн улс төр, эдийн засгийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр буйд хүмүүс сэтгэл зовниж буйн илрэл юм.

Тэгвэл даяаршлын гарц хаана байна? Үүнийг бодохоор хүн төрөлхтөн дахиад л дөрвөн замын уулзварт ирж, аль чиглэлээр явах, урагшлах уу ухрах уу?, бие даах уу хамтарч ажиллах уу? гэсэн сонголттой нүүр туллаа.

Харин энэ оны чуулган “Даяаршил 4.0: Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үеийг тогтооё” уриан дор болж байгаа нь даяаршил юунаас ч болж зогсоогүй, харин ч шинэ эринд шилжиж байгаагийн илрэл гэж байна.

Ерөнхийдөө даяаршлын 1.0 эрин үе гэдэг нь дэлхийн 1-р дайнаас өмнөх үе бөгөөд галт тэрэг, хөлөг онгоц зэрэг тээврийн хэрэгслийг зохион бүтээж, тээврийг хялбарчилснаар улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг улс дамнан борлуулж, улмаар олон улсын зах зээлд орсноор олон улсын худалдааг ихээр нэмэгдүүлсэн юм. Аж үйлдвэрийн анхны хувьсгал нь даяаршлын хөгжилд түлхэц өгсөн гэж хэлж болно.

Харин даяаршлын 2.0 эрин гэдэг нь дэлхийн 2-р дайны дараах үе бөгөөд энэ үед тогтсон дүрэм журамд суурилсан глобал засаглалын тогтолцоо бүрдэж, НҮБ, ОУВС, ДБ, ДХБ зэрэг олон улсын байгууллага байгуулагдсан юм.

Энэ эрин үед авто машин, нисэх онгоц зэргийг ашиглаж эхэлснээр дэлхийн 2-р дайны уршгаар муудаад байсан олон улсын худалдааг дахин сэргээсэн билээ.

Тэгвэл даяаршлын 3.0 эринд аж үйлдвэрүүд нэгэнт улс дамнаж, ажиллах хүч, капитал дэлхийн хэмжээнд хөдлөн нүүж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ даян дэлхийг хэрсэн юм. Мөн энэ эринд хөгжиж эхэлсэн интернетийн технологи дэлхийн улс орнуудыг улам ойртуулж, аж ахуйн нэгжүүд өөрийн болон олон оронд зэрэг үйл ажиллагаа эрхэлж, олон оронд үйлдвэрлэл, борлуулалт хийдэг болсон юм.

Даяаршил 4.0 ба хүн төрөлхтөнд тулгарч буй аж үйлдвэрийн 4-р хувьсгал нягт холбоотой бөгөөд хиймэл оюун ухаан, робот, интернэт, жолоочгүй машин зэрэг шинэ технологи, шинэ салбар гарч ирсээр байна.

Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Шваб хэлэхдээ “Өнөөгийн дэлхий ертөнцөд даяаршил устахгүй, харин улам гүнзгийрнэ. “Хэрэв урьдын дэлхийн нийлүүлэлт нь худалдааны саад арилснаас болж хөгжсөн бол, өнөөгийн даяаршлын хөгжил улс хоорондын тоон болон хэлбэрийн систем харилцан саадгүй холбогдох ойлголтууд, үйлчилгээний урсгал зэрэгт түшиглэдэг юм. Энэ бол даяаршил 4.0-ийн гол онцлог юм” гэжээ.

Өнөөгийн даяаршилд тулгарсан өрсөлдөөн сорилтын нэг бол баян ядуугийн ялгаа хэт ихсэж буй явдал юм. Хөрөнгө мөнгө, оюуны өмчийн эрхийг эзэмшигчид онцгой давуу талтай байдаг. Дэлхийн нээлттэй системийн нөхцөлд өрсөлдөөн нь ялагдагч болон ялагчийг бий болгосон юм. Зарим хөгжсөн орны бодлого бүрэн гүйцэд бусаас болж, даяаршилд ноцтой дайралт авчирснаар, популизм ба ивээх үзэл толгой өндийж, даяаршлын эсрэг урсгал болон бүрэлдлээ.

Шваб  “Даяаршил 4.0 хэмээх эрин дөнгөж эхэлж байна. Гэвч бид бэлэн биш байгаа” гэжээ. Жишээлбэл, автомат хэрэгсэл, роботыг их хэмжээгээр ашигласнаар, ажлын байр цөөрч байна. Энэ нь зарим улс төрчдөд гадуурхах шалтаг олгох буюу өөрийн юмаа бусдад алдлаа хэмээн зэмлэх шалтгаан болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Давосын эдийн засгийн форум “2019 оны дэлхийн эрсдэлийн тайлан” нийтэлж, түрэн наашилж буй эдийн засгийн сөрөг урсгалын зарим нь гол гол их гүрэн хоорондын геополитикийн хурцадмал байдлаас эх үүсвэртэй юм хэмээн сэрэмжлүүллээ.

2018 онд, АНУ дэлхийн гол гол эдийн засгийн цогцод чиглүүлэн татвараа нэмсэн. Энэ нь өнөөдрийн худалдааны маргаан, дэлхийн тодорхойгүй хүчин зүйлийн эх үүсвэр юм. Мөн ялж ялагдсан “тэг дүнтэй тоглоом”-ын сэтгэхүй даяаршлын ахицад ихээр нөлөөлж, дэлхийн эдийн засгийн ирээдүйд хүнд ноцтой тогтворгүй хүчин зүйлс авчирсан байна.

Форум нээгдэхийн өмнөхөн ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.5 хувь болгон бууруулсан нь сүүлийн 3 жилийн хамгийн доод үзүүлэлт юм.

Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Бренде “2019 онд дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтөд олон сорилт тулгарч буй учраас олон улсын хамтын ажиллагаа ямар ч үеэс илүү чухал болоод байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд уялдаа холбоогоо нягтруулж, хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй” гэжээ.

Давосын форум дэлхийн 10 гаруйн мянган хүний дунд явуулсан санал асуулгын дүнд тэдний 76 хувь нь улс орнууд хамтын ашиг сонирхлын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэжээ. Бренде “Улс орнуудын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг ихэнх хүн ойлгож байгаа. Та бэлэн байгаа эсэхээс үл хамаарч шинэ ертөнц бидний өмнө үүдээ нээж байна” гэжээ.

М.Баяр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ