Тулх, хүндэтгэл дутсан улстөр

Энэ цагт Монголын улстөрд тулх бас хүндэтгэл дутаад байгаа нь өдөр бүр харагдаад байна. Одоогийн улстөрчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд бүгд л том том ярьдаг. Эргээд бүгд л нэгнээ ил, далд газар доор ортол муулах нь ёс болоод удлаа. Энд даруу төлөв байж ах захаа хүндлэхээ байг гэхэд төрөө хүндлэх хүндлэл ч огт алга.

Эргээд ахмад гишүүдийнх нь зүгээс ч тулх гээч нэг том юм огт мэдрэгдэхээ байлаа. Хүндэтгэл болон тулх гээч нь хэдий төрийн хууль, журамд байхгүй ч хэдэн 100, 1000 жилээр хүний тэр дундаа төрийн алба хашиж ирсэн хүмүүст ёс журам, ёс суртахууных нь хувьд өв уламжлал болон тогтож өвлөгдсөөр ирсэн Гэтэл энэ цагт ирээд энэ өв уламжлал үгүй болж, дүү ахаа алд, ах нь дүүгээ дэлэм ч хүндлэхээ больж ах захын ёс алдагдаад байна. 

Иймээс төрөө хүндэтгэх хүндэтгэл ч улам бүр алсарсаар байна. Уг нь Монголын ард түмэн “Төрийн сүлд минь өршөө” хэмээн хэдэн зуун, мянганаар сүсэлсээр ирсэн.

Тийм ч учраас төрд ажилладаг төрийн зүтгэлтнүүд, улстөрчид маань ч ард түмнийхээ тэр агуу сэтгэл, итгэл хүндлэлийг даасан үед Монгол хүчирхэгжиж, харин түүнийг нь даахгүй урваж, шарваж, жалга довоороо хуваагдан талцаж ирсэн үедээ бууран доройтож ирсэн түүхтэй билээ.

Ардчиллын хэмээгдэх 30-аад жилийн хугацаанд Монгол улсын төр өнөөдрийнх шиг байдалд орж байсангүй. Өмнө нь нам намаараа талцдаг байсан бол одоо нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрэх боллоо. Энэ дунд хүндэтгэл ч огт алга болж. Манай эрдэмт өвөг дээдэс шавиа ч та гэж хүндэтгэдэг байлаа. Гэтэл одоо үе мултарсан эсэхүл бүр хүүхэд шиг нь нөхөр л нөгөө хүнээ хулгайч аа, ална шудна, тэр муу, энэ муу п… гэх нь ердийн үзэгдэл боллоо. Энэ нь УИХ-ын чуулганы танхимд 3 сая ард түмний нүдэн дээр болдог болсон нь эмгэнэл.

Монгол төрийн эрх барьж буй МАН сүүлийн жил хагаст хагаралдан тэмцэлдэж байна. Энэ зуур тус намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон 60 гарсан ах нар нь эвлэрлийн төлөө юу хийв. Эргүүлээд дөнгөж УИХ-д сонгогдсон төрд ажиллаж эхэлсэн дүү нар нь бас ах нараа хүндлэв үү гээд харахад ёстой “тэгнэ байхаа, түй май” гэгч л болж байна.

Монголын төр өмнө нь ахмадынхаа үгийг залуус нь сонсдог, эргээд дүү нараа ч хүндэтгэдэг ийм л ёс жудагтай байж ирсэн. Мөн төрийн өндөрлөгүүд нь ч бусдыгаа хүндэлдэг эргээд хүндлэл хүлээдэг байлаа. Гэтэл УИХ-ын чуулган дээр нэгнээ хулгайчаар нь дуудаад л сууж байгаа. Тэд хулгайч байж болно, хулгайч гэдгийг нь ч хэн ч үгүйсгээгүй л дээ. Гэхдээ тэд хулгай зэлгийгээ ярьдаг газраа л ярьмаар. Энэ бол ард түмнээ, төрөө хүндэтгэхгүй байгаагийн л шинж.

Одоо Монголын төрд тулх болон хүндэтгэл эргэн ирэхээс нааш эвлэрэл гэгч ирэхгүй л болов уу. Ингэснээрээ Монгол улс төр ч үгүй, цаашлаад монгол ч үгүй болох зам руу л ойртоно гэсэн үг.

О.Хуяг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ