• АТГ-аас УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарчээ

    Авлигатай Тэмцэх Газар сар бүрийн 25-нд ээлжит хэвлэлийн бага хура хийдэг. Энэ удаа өнгөрсөн  2018 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тайлангийнхаа дараа хэвлэлийнхний сонирхсон асуултанд хариулав.

    -Оффшор бүсээс 74,9 сая ам доллар Монголд орж ирсэн гэдгээ тодруулна уу?

    Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог: Оффшор бүсэд нийтдээ  85,9 сая ам доллар  байгаа гэсэн тооцоог  хийсэн байдаг.  АТГ оффшор бүсийн асуудлыг шалгах явцад  74,9 сая  нь Монгол Улсад ямар нэг хэлбэрээр орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид мөнгө болгоныг араас нь хөөж шалгаж байна.

    -Петровисийн Давааням болон өөр бас нэг эрхмийг 48 цаг хориод суллалаа. Энэ хүмүүс оффшортой холбоотой байсан уу?

    -Оффшорын хэрэгтэй холбоотойгоор  4 дугаартай хэрэг байгаа. Нэр бүхий хүмүүсийн тухайд  20  сая орчим ам доллар хоёр ААН-ийн дансаар 2 удаа орж ирсэн. Мөнгө угаагдсан байж болзошгүй байдал тогтоогдсон. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаа Прокурор шүүхийн хяналтын дор явагдсан.

    -Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргийг бас тодруулж асуумаар байна…

    -Оффшортой холбоотой 4  дугаартай хэргийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой. Мөн  Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргүүд байгаа.  Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас  цагдан мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байна. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн  хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг  байдал давуу байдал  тогтоогдож байгаа учраас шалгаж байгаа юм.

    -ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой хэргүүд ямар шатандаа явж байна вэ?

    -ЖДҮХС-тай холбоотой хэрэгт мөрдөн байцаалт хийгдээд явж байна. Нийтдээ 1041  төсөл хөтөлбөр ирээд хасагдсаар байгаад тодорхой хэдэн төсөлд зээл олгосон. Тэр бүрийг тодотгон шалгаж байна. Зээл авсан ААН,  иргэн бүрийг гэмт хэрэг үлйдсэн гэж үзэж болохгүй. Хамгийн гол нь албан  тушаалтнууд албан тушаалаа ашиглаж давуу байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж байгаа юм.  Ингэж ялгаж салгаж хандах ёстой. Сонин хэвлэл дээр яваад байгаа  УИХ 43 гишүүн  холбогдсон гэх тоо бол худлаа. Бид энэ хэрэгт ямар нэгэн тоо зарлаагүй байгаа. Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан.

    -С.Баярын асуудлыг 1-3 настай хүүхэдтэй учраас гадуур шалгаж байгаа юм уу. Ч.Сайханбилэг Монголоос гарсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

    -Оюутолгойн  гэрээ, төлөвлөгөөтэй холбоотойгоор  тухайн үеийн Ерөнхий сайд болон зарим сайд нарыг  мөрдөн шалгах  ажиллагаа явагдаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор 6 хүнийг яллаглагчаар татаж  шалгаж байна. Одоогоор Монголоос гарч явсан хүн байхгүй. Тэд хил гаалийн хоригтой байгаа.

    -С.Баярыг яагаад хорьж шалгахгүй байгаа юм бэ?

    -Хорьж цагдах асуудал хуулийн нарийвчлалтай байдаг. Энэ бол бидний эрхээс давсан шүүхийн эрх мэдлийн хүрээний асуудал байдал. Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээндээ шийдвэрээ гаргасан хэрэг.

    -Эрдэнэтийн 49 хувийн шалтгалт ямар шатандаа байна вэ?

    -Шалгаж байгаа. 49 хувийг ямар мөнгөөр яаж авсан бэ гэдгийг шалгаж байна, тодорхой асуудал тогтоогдож байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

    -Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байсан.  Солонгосын талын гүйцэтгэгч  компанийн захирал, болон А.Гансүх нартай хэргийг түдгэлзүүлсэн үү, эсвэл хаачихсан уу?

    -Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байсан хэрэг. Холбогдох зарим хүмүүс нь гадаадад гараад явчихсан. Тэдгээрийг олж зайлшгүй мэдүүлэг авах ёстой. Тэгэхээр  энэ хэрэг хаагдаагүй.

    – Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу?

    – Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна.

    – Т.Ганболд өөрөө олон хүнд авлига өгсөн гэдгээ хэлсэн. Түүнийг шалгах уу?
    – Мэдээллийн хүрээнд шалгаж байна. Шаардлагатай бол энэ хүнд хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой.

    Д.Хүдэр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ