• Р.Отгонжаргал: Тухайн цэрэгт гар хүрсэн бичлэг бий, холбогдсон цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа хүргүүлсэн

    ЦЕГ-аас талийгаач Зүүнбаян дахь 336 дугаар ангид нас барсан цэргийн талаар болон Ч.Чамин-Эрдэнийн нас барсан хэргийн тухайд мэдээлэл хийлээ.

    ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах KH apartment хотхоны ард байрлах хоосон хашаанд 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ч.Чамин-Эрдэнийн цогцос олдсон хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Шалгалтын ажиллагаа дууссан тухай хохирогчийн өмгөөлөгч нар танилцаж байна. Энэ хэргийг нэлээн өргөн хүрээнд гурван сарын хугацаанд шалгаж ажилласан. Мөн хохирогчийн ар гэрийнхний гаргасан хүсэлтийн дагуу шалгалт явуулсан.

    Энэ хэрэгт хэргийн газрын үзлэг, мэдүүлэг авах, сэжиглэгдэж яригдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар тодорхой шалгалтын ажиллагааг хийсэн.

    Тэгэхээр энэ хэрэгт хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан нөлөөнд автсан зүйл байхгүй. Албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөнд автаж, хэргийг нуун дарагдуулах нь эрүүгийн хариуцлагатай. Шалгалт дууссаны дараа талийгаачийн ах Ч.Гэрэлхүү дахин мэдээлэл хийж, гадны дөрвөн хүн талийгаачийн гэр лүү виски бариад орсон зэрэг зүйлсийг ярьсан. Үүнийг бид шалгахаар төлөвлөж байна.

    Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайдад гар утас, мессеж бичиж, бүх чиглэлээр хүргүүлсэн байна лээ. Тиймээс Ерөнхий сайд үүнийг шалгахыг хүссэн. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгана.

    Дорноговь аймгийн Сайншанд сум ЗХ-ний 336 дугаар ангийн байлдагч нар барсан хэргийг шалгаж байна. Мөрдөгч хуулийн дагуу үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хэрэгт бид Дорноговь аймагт шалгагдаж байгаа материалыг татаж авч, үзсэн. Үүнд эргэлзээтэй асуудлууд байна лээ. Мөрдөгч нар цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай.

    Дорноговь аймгийн шинжээчийн цогцост хийсэн үзлэгээр биедээ ил шарх, гэмтэл сорвигүй гэж бичигдсэн байна лээ. Зурган дээр байгаа хүрэн өнгийн улаан толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу, үгүй гэдгийг бид нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж, дахин үзлэг хийх арга хэмжээ авч байна. Тухайн цэргийн ангид тухайн өдөр юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна.

    Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдлууд гарч байна. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг шалгана” гэлээ.

    Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    -Цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн гэлээ. Энэ хугацаат цэргийн албан хаагчид уу. Удирдах албан тушаалтнууд уу? 

    -Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Цэргийн байгууллагын дотоод чиг журам алдагдсан. Үүнээс улбаалаад тухайн цэргийн албан хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдрийн үүрэг гүйцэтгэгчид Ротын захирагчид танилцуулсан байдаг. Одоогоор цэргүүдийг бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа. Тэдний зарим үйлдлүүд дүрс бичлэгт үлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан.

    Үүн дотор ээлжийн ахлагч цэргийн албан хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ нь үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгаад эргээд мэдээлнэ.

    Цэрэг амиа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн холбогдож байгаа цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа прокурорт өгсөн.

    -Өчигдөр “Гадны нөлөөгүй” гэчихээд өнөөдөр “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэх гэж байна. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл хийж байна вэ? 

    -Өчигдөр хуулийн хэллэгийг буруу хэрэглэж мэдээлэл хийсэн байна. Дүгнэлт бол шинжилгээ хийгдсэний дараа гардаг эрхзүйн акт. Урьдчилсан дүгнэлт бол гараагүй.

    -Та түрүүн зулгаралт байна гэж тайлбарласан. Цагдаа хараад зулгаралт байна гэж мэдээд байхад шинжээч ил харагдах шарх сорвигүй гэсэн мэдээлэл яагаад өгчихөв? 

    -Мөрдөгч, шинжээч хоёр цогцосны гаднах үзлэгийг хамт хийдэг. Гэхдээ хүний биед үүссэн нас барсны дараах өөрчлөлтийг мөрдөгч тэр болгон таньж мэдэж чаддаггүй учраас шинжээч эмч заавал ордог.

    -Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү маш олон хүнийг энэ хэргийн хамсаатан гэж ярьж байна. Үүнийг шалгаж нягталж үзэв үү? 

    -Холбогдох шалгалтуудыг хийсэн. Түүний хэлсэн хүмүүсийг шалгаж үзэхэд гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон. Харин эдгээр хүмүүс хүний амь нас хохирсон хэрэгт гүтгэгдлээ хэмээн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Үүнийг шалгаж байгаа.

    -Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон болохыг олон сар шалгаж байж, хөдөлшгүй баримтаар тогтоосон гээд байна. Гэтэл ах нь цахим орчинд хүмүүсийг төөрөгдүүлж байна. Яагаад яг тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? 

    -Хориотой тодорхой хуулийн заалт байна.

    -Ч.Гэрэлхүүгийн ярьсан зүйлсээс нотлогдсон зүйл илэрсэн үү. Илрээгүй бол гүтгэлэг гэж ойлгож болох уу? 

    -Түүний гаргасан мэдээллүүдийг цаг тухайд нь гаргаж шалгасан. Энэ хэрэгт сэжигтэй зүйлүүд илрээгүй. Ярьсан  зүйлүүд нь нотлогдоогүй.Мөн камерийн бичлэг алга болсон гэж яриад байгаа. Нэг ч бичлэг алга болоогүй. Тухайн өдрийн 10 цагаас 16 цаг хүртэл бүх бичлэгийг хавтаст хэрэгт оруулсан байгаа. Алга болсон зүйл байхгүй.

    С.Баатар

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ