“Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч нэг талыг барьсан мэдэгдэл хийж,хохирогчийг давхар хохироолоо “

Өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн  нар талийгаач Б.Алтантулгын амиа алдсан  шалтгааны талаар  цагдаагийн байгууллага нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байгаа учраас өмгөөлөгчдийн зүгээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлан хуралдуулахаас аргагүй болсноо хэлэв.

ӨМГӨӨЛӨГЧ Э.БИЛГҮҮН:

Уг нь цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулах ёстой байтал яаран сандран нийгэмд буруу мэдээлэл өгсөнд харамсаж байна.

Зүүнбаянгийн 336 дугаар цэргийн ангид өмнө бас цэргүүдийг дэглэж, тамлаж тахир дутуу болгож байсан тохиолдлууд нэг бус удаа гарч байсан. Энэ удаа талийгаач Алтантулгыг  гүйж байгаад бахардаж унаад нас барсан мэтээр мэдээлж байгаа.
Гэтэл   цэргийн ангийн удирдлагууд бахардаад унасных нь дараа дээрээс нь дэвсээд, өшиглөөд харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилдэг.

Цэргийн ангийн камерын бичлэгт талийгаачийг хувцасаа өлгөх тэнхээгүй байхад нь чирж аваачаад орон дээр тавьсан бичлэг үлдсэн.

Нэг цаг орчмын дараа эмч үзээд нас барсныг тогтоосон байдаг.
Талийгаач 19 настай, бие бялдрын хувьд эрүүл. Золгүй байдлаар амь насаа алдах ямар үндэслэлгүй.

ӨМГӨӨЛӨГЧ Б.ӨЛЗИЙЦЭРЭН:

Бид талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа. Гүйж чадахгүй бахардаад унахад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал харин бүр нэмж зодож тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон.Эрүүгийн хуулийн 10-ын 1-д зааснаар энэ үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг юм.

Бид энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга Баатаржав нарт гомдол гаргасан.

Мөн цэргийн ангийн эмч нар нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээгүй учраас, тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй учраас удирдлагууд нь эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж дээрх албан тушаалтнуудад гомдол гаргасан.

Тухайн гэмт хэргийн гэрчүүд болох цэргүүд, албан хаагчид дарамтад орж худал мэдүүлэг өгч болзошгүй учраас тэднийг хамгаалалтад авч, өмгөөлөгчийн хамт мөрдөн байцаалтад оруулах хүсэлт гаргаад байна.

Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэж, үхлийн шалтгааныг тогтоолгох гомдол мөн гаргасан.

Өмгөөлөгчид “Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч яаран сандран мэдэгдэл хийж,хохирогчийг давхар хохироолоо “ гэж мэдэгдлээ.

Талийгаачийн өмгөөлөгчдийг хэвлэлийн бага хурал хийхийн өмнөхөн ЦЕГ-аас мэдээлэл хийж, талийгаачийг зодсон холбогдох хүмүүсийг цагдан хорих санал хүргүүлснээ мэдэгдсэн юм. Энэ тухай ЭНД дарж уншина уу.

 

Талийгаачийн өмгөөлөгчдийн Хэвлэлийн Бага хурлыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ