• “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг дамжуулан зарах гэв үү

    -“Эрдэнэт” үйлдвэрийг дамжуулан зараагүй тул улстөрчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэв-

    Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Монголын зэс корпорацийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 1 сарын 11-ний шийдвэрийг дэлгэсэн. Уг шийдвэрээр Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшингийн эзэмшлийн компанийн 1,120,010  ширхэг ангийн эрхийн хувьцааг бүхэлд нь нэрлэсэн үнээр нь буюу 112 тэрбум 1 сая төгрөгөөр Сингапурт улсад бүртгэлтэй “Эрдэнэт Корп Пти Лтд” компанид худалдах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Ц.Пүрэвтүвшинд зөвшөөрчээ. Энэ шийдвэр дээр хувьцаа эзэмшигч Ц.Пүрэвтүвшин гарын үсэг зурсан байдлаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дэлгэсэн.

    Тэгвэл “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс   албан ёсоор мэдэгдэл гаргаж ийм наймаа болоогүй гэлээ. Тэд улстөрчид ийм гүтгэлэг тараалаа хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэднийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэв.

    Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл энэ тухайд “Би энэ тухай хэвлэлээс л олж мэдлээ. Тэгэхээр та бид яг адилхан мэдээлэлтэй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг Сингапурт зарсан гэж. Үүнийг магадлаж сайн шалгаж үзэх хэрэгтэй.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, ТУЗ-ийн зүгээс ямар нэгэн шийдвэр гараагүй.  Ярилцсан зүйл огт байхгүй.  Хэрэв ийм зүйл яригдахад хүрвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу манай хувьцаа эзэмшигчдийн хурал  болох ёстой. Гэхдээ ийм зүйл яригдаж байж болох юм. Одоогоор тодорхойгүй баталгаагүй.

    Ойрын хугацаанд ТУЗ хуралдахгүй.  Хурлын тов зарлагдаагүй.  Та нарын асууж байгаагаас өөр хэлэлцэх асуудлууд байгаа. Жишээ нь 2019 оны төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг батлах шаардлагатай байгаа. Мөн үйлдвэрийн ажилчдын цалин, урамшууллыг авч хэлэлцэх ёстой. Эхлээд ТУЗ-ийн хурлаар орохоос өмнө хувьцаа эзэмшигчдийн хурлаас чиглэл гарна. Дараа нь ТУЗ хуралдана. Төрийн өмч учраас Засгийн газар, УИХ-аар дамжиж байж асуудал хэлэлцэгдэх ёстой” хэмээх тайлбарыг өглөө.

    Эндээс харвал “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар ямар нэг худалдаа хийгдээгүй бололтой. Харин иймэрхүү асуудал яригдсан эсэхийг хууль хяналтынхан тогтоох нь зүйд нийцэх болов уу.

    Д.Хүдэр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ