Бригадын генерал Б.Амгаланбаатар:Ахлагч талийгаачийг цохисон нь үнэн

Зэвсэгт хүчний жанжин штабаас Зүүнбаянгийн цэргийн ангид  алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа.

Бригадын генерал Б.Амгаланбаатар:

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас би энд ямар нэгэн хүний нэрийг хэлэх, процессыг тайлбарлах боломжгүй. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны 14:30-16:00 цагийн хооронд болсон.Энэ нь ангийн захирагчийн тогтоосон хуваарийн дагуу хичээл орж байх цаг мөч байсан.

Уг  салбар тэр өдөр харуулаас буусан байгаа юм. Харуулаас буусны дараа салбарын ахлагч нар салбарын  байранд үзлэг хийхэд эмх замбараагүй эд зүйлс, гар утас олдсон байна. Ингээд дотоод журам зөрчигдсөн асуудлууд гарсан учраас дэг журам тогтоох үүргийн дагуу  салбарын ахлагч цэргүүдийг авч гараад гүйлгэсэн.

Гүйж байх явцад талийгаач  “дотор муухай оргиод байна. Гүйж чадахгүй нь” гэж хэлсэн байна.Энэ үед салбарын захирал гүйх ажиллагааг зогсоосон. Тэгээд цэргүүдийг байранд нь оруулахад талийгаачийн бие муудсан. Энэ хугацаанд цэргүүд дараагийн хичээлдээ орж,талийгаач энэ хугацаанд таталт өгсөн. Тэгээд ангийн эмч, сувилагчийг дуудаж, Зүүнбаянгийн багийн эмнэлэг  рүү авч явах шийдвэр гарч, замдаа талийгаач нас барсан.

Улмаар Зүүнбаянгийн цагдаагийн хэсэгт мэдэгдсэн.Мөн Дорноговь аймгийн цагдаагийн газраас ажлын бүрэлдэхүүн дуудсан. Ар гэрийнхэн нь 23-ны өглөө 5 цаг 40 минутад ар гэрийнхэн очсон.Тэд ангийн удирдлага болон ажлын хэсгийнхэнтэй уулзсан.

Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар томилоод өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаян багт ажиллаад ирлээ.

Ажлын хэсгийн дүгнэж буйгаар энд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.

Ангийн  удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул,хоёрдугаарт, салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн байна.

Цэргийн сахилгын дүрмийн 62 дугаар заалтад цэргийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа нэр төрийг нь гутаан доромжлох, зүй бус харьцах,харгис догшин авирлах, шийтгэлийг нийтээр нь хавтгайруулан олгохыг хориглосон байдаг. Энэ заалт зөрчигдсөн.

Мөн эмнэлгийн анхны дүгнэлтийг хожимдож хүргэсэн нь тогтоогдсон.Энэ ажлын хэсгийнхээ дүгнэлтийг би салбарын сайдад танилцуулсан.

Одоо Зүүнбаянгийн цэргийн ангид Дорноговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах бүрэлдэхүүн, тагнуулын газрынхан ажиллаж байгаа.

Бригадын генерал Б.Амгаланбаатар мэдээллийнхээ эцэст эмгэнэл илэрхийлсэн. Мөн ЗХЖШ-ын нэрээр хуурамч  вэб хуудас нээж, эмгэнэл илэрхийлсэн гэдгийг дуулгалаа.

-Таны өгсөн мэдээллээс харвал зүгээр гүйж байгаад бие нь муудсан гэж байна. Гэтэл зодсон гэх мэдээлэл байгаа.?

-Эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд байна.Энд ямар нэг гэмтэл,шархгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Харин гүйж байгаад унахад нь ахлагч “Жагсаал гүйцэхгүй байна, баашиллаа” гээд цохисон асуудал байгаа. Би түүнийг үгүйсгэхгүй. Хамт гүйсэн цэргүүд ч нотолж байгаа.Гэхдээ тэр нь үхэлд хүргэсэн эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх.

Өмнө нь талийгаач эмнэлэгт хэвтэж байсан. Үлд гараад эмнэлэгт хэвтэж байсан юм билээ.

-Зүүнбаянгийн цэргийн ангийн захирагч өмнө гаргасан зөрчилдөө ямар нэг хариуцлага хүлээсэн үү?

-Зүүнбаянгийн цэргийн ангийн захирагч Өлзийбаяр хурандаа өмнө нь хоёр жил сахилгын шийтгэлтэй байсан. Тэр хугацаа нь дууссан учраас  Зүүнбаянд захирагчаар томилж ажиллуулж байсан. Гэхдээ хэрэг гарах үед Өлзийбаяр хурандаагийн аав нь харвалт өгч, тэрбээр Улаанбаатарт ирсэн байсан.

Энэ талаар ЦЕГ-аас хийсэн мэдээллийг ЭНД-ээс, талийгаачийн өмгөөлөгчдийн хийсэн мэдээллийг ЭНД-ээс уншина уу.

Г.Саруул

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ