• Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны үйл ажиллагаанд 32.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр,өнөөдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангуудын 2017 оны үйл ажиллагааг хамарсан нэгдсэн аудитын дүнгийн талаар Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг орон нутгийн удирдах ажилтнуудад танилцууллаа. Үндэсний аудитын газраас 2018 онд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангуудын 2017 оны үйл ажиллагааг хамарсан нэгдсэн аудитыг Үндэсний аудитын газар хийж гүйцэтгэжээ.

    Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:

    Аудитын тайлангийн нэгтгэлээс  Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангуудын  үйл ажиллагаа  эрсдэлтэй нөхцөлд байгаа нь харагдаж байгаа.

    Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газар 2013 оноос хойш аудит хийж иржээ. Харин энэ удаагийн аудит нь 2013-2017 онд нийт 655 тэрбум төгрөгийн хуваарилсан хөрөнгийг хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тоон үзүүлэлттэй харьцуулах, тэдгээр төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүн, иргэдийн тус сангийн талаарх мэдлэг, оролцоог дүгнэх зорилгоор судалгаа хийж, жил бүрийн зөрчил буурахгүй, давтагдан гарж буйд дүн шинжилгээ хийснээрээ өмнөх онуудаас онцлог байлаа.

    2017 онд аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс нийт 53 тэрбум төгрөг, аймаг нийслэлийн өөрийн эх үүсвэрээр 54.4 тэрбум төгрөг, нийт 107.4 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдсэн байна. Нийт 107 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэрээр Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ИТХ-аар нийт 3852 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталснаас 89.4 хувь буюу 3442 төсөл, арга хэмжээ нь бүрэн хэрэгжсэн үзүүлэлттэй байна.

    Аудитын урьдчилсан дүнгээр нийт 32,8 тэрбум төгрөгийн зөрчлийн 4.8 хувь буюу 1,5 тэрбум төгрөгийн ажлыг зориулалт бусаар зарцуулсан, 17 хувь буюу 5,5 тэрбум төгрөгийн ажлыг дутуу буюу чанаргүй, хийгдсэн, хугацаа хэтрүүлсэн, 26.5 хувь буюу 8,7 тэрбум төгрөгийн ажлын ТЭЗҮ, зураг төсөв батлаагүй зөрчлүүд тус тус илэрсэн.

    Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан, түүгээр шийдэгдэн зарцуулагдах төсөв байтал нийт 32 тэрбум төгрөгийн зөрчлийн 18.2 хувь буюу 5,9 тэрбум төгрөгийг иргэдийн саналаар дэмжигдээгүй ажлыг санхүүжүүлсэн зөрчил илэрсэн.

    Илэрсэн зөрчилд 833.4 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 19,671.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага, 12,365.6 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авахаар ажиллаж байна.

    СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД ХИЙСЭН АУДИТЫН ТАЛААР:

    Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014 болон 2017 онд тус тус нийцлийн аудитыг хийж гүйцэтгэсэн.

    2011 онд ХХААХҮЯ-наас  24 тэрбум төгрөг, 2012-2014 онуудад Хөдөлмөрийн яамнаас 60 тэрбум,улсын төсвөөс нийт 84 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийн сангийн хөрөнгийг бүрдүүлжээ.

    Харин 2014 оноос хойш тус санд  улсын төсвөөс санхүүжилт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх зарчмаар явж 2017 онд нийт 37 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хандив, тусламж, зээлийн хүүгийн орлого, эргэн төлөгдсөн зээл, алдангиас бүрдүүлсэн байна.

    Сумын  хөгжлийн сангийн тухайд зарцуулсан мөнгө нь тэр чигтээ алдаа зөрчил болсон. Тус сангийн материаллаг алдагдал 20-30 хувьд хүрч, 50-иас дээш хувийн буюу асар өндөр эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.

    Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2017 оны зарцуулалтад хийсэн аудитаар нийт 36,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс дийлэнх буюу 40 хувийг зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлээгүй,15.5 хувь буюу 5.5 тэрбум төгрөгийн хяналт шалгалтаар илсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй, 5.3 хувь буюу 1.9 тэрбум төгрөгийн шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд зээл олгосон зөрчлүүд эзэлж байна.

    Зөрчлүүдэд 2,1 тэрбум  төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 16.5 тэрбум  төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 17.8 тэрбум  төгрөгийн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэн, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах арга хэмжээ аван ажиллаж байна.

    Нийцлийн аудитын газрын дарга С.Энхбаатар:

    Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны үйл ажиллагааны зарцуулалт, хууль журмын дагуу хуваарилж зарцуулсан эсэхэд аудит хийж 2019 оны зургадугаар сарын 10-ны дотор УИХ болон олон нийтэд мэдээлнэ.

    Г.Сүрэн

    gereg.mn

    Холбоотой мэдээ