Д.Лүндээжанцан: Ирэх сарын нэгэн гэхэд шинэ УИХ-ын даргыг сонгоод ажилд нь оруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.25/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын нэр бүхий 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгээ өргөн барьсан тухайгаа мэдэгдээд УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэж, өнөөдрийн чуулганаар хэлэлцэхийг шаардлаа.

Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Хууль хүчин төгөлдөр үйлчлэх өдрийг 2019.01.25-нд байя гэж бид өмнө нь тохиролцсон. Хэрэв 25-нд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн баривал би мягмар гарагийн өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад үдээс хойш чуулганыг хуралдуулж болох юм гэсэн саналаа хэлсэн. Ер нь манай байнгын хороонд олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Тэгэхээр миний төсөөллөөр манай байнгын хороо дор хаяж гурван удаа хуралдахаар байгаа. Тэгээд дөрөв дэх өдөр УИХ-ын шинэ даргын асуудал хэлэлцэх юм байна гэж ойлгоод байна. Ингээд ирэх сарын 1 гэхэд шинэ УИХ-ын даргыг сонгоод ажилдаа орох юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Энэ бол миний төсөөлөл. Харин манай байнгын хорооны гишүүд бүгд ирэх долоо хоногийн хуралдаа суугаарай” гэлээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд “Сар шинэ болж байгаатай холбогдуулж зарим гишүүд яарч байгааг би ойлгож байна. Мягмар гарагт чуулганаар энэ асуудлыг шийдэхэд ирэх долоо хоногт шинэ УИХ-ын даргыг томилох хугацаа бий. Ингээд сар шинийн наана шинэ удирдлага бүрэн бүтэн болоод олон түмэнтэйгээ золгоод явах нь зөв гэж үзэж байгаа” хэмээн тайлбар хийлээ.

С.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ