• “Банкны хөгжил-95 жил” аяныг нэгдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулна

    Avatar

    gereg

    2019-01-24

    Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

    Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилын хэвлэлийн бага хурлын эхэнд мэдээлснээр,энэ жил Монгол улсад банк, санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой  тохиож байгаа. Энэхүү ойтой холбоотойгоор Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар арилжааны банкнууд болон Монгол банкны 17 салбар нэгжүүдийг хамарсан “Банкны хөгжил-95 жил” аяныг нэгдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний хооронд  зохион байгуулахаар болсон байна.

    Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

    Төв банкны олон нийтийг харилцааг сайжруулах чиглэлээр Монголбанк ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа.  Төв банкны үнийн, санхүүгийн тогтвортой бодлого хэрэгжихэд олон нийттэй харилцах харилцаа, итгэх итгэл, хараат бус байдал маш чухал нөлөөтэй байдаг.

    Ийм учраас Монгол банк төв банкны  олон нийттэй харилцах харилцааг сайжруулах, хараат бус байдлыг хангахад анхааран ажиллаж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс  Төв банкны хуульд орсон өөрчлөлтүүд үйлчилж эхэлсэн.

    Нэгдүгээрт, хуулийн өөрчлөлтөөр мөнгөний бодлого, хяналт шалгалттай аливаа шийдвэрийг хамтын шийдвэр гаргах зарчмаар гаргадаг болсон.

    Хоёрдугаарт, Мөнгөний бодлогын хороо жилд хоёроос доошгүй удаа хуралдаж байхаар болсон.  Өндөр хөгжилтэй орнуудын хувьд Төв банкны олон нийттэй харилцах харилцаа нь бодлогын төвшинд тавигддаг. Монголбанкны хувьд олон нийттэй харилцах харилцаагаа бусад улсын адил бодлогын хэмжээнд авч үзэж, нээлттэй байх, мэдээллээ үр дүнтэй хүргэх гэсэн хоёр үндсэн зарчмаар явуулж байна.

    Аливаа Төв банкны ерөнхийлөгчийн мэдээлэлд үндэслэн  хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид шийдвэрээ гаргадаг учраас зах зээлд маш хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хохирол учруулахгүйн тулд Төв банкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл, мэдээлэл нь судалгаа шинжилгээнд үндэслэсэн, урьдчилан бэлтгэсэн байдлаар олон нийтэд хүргэдэг.

    Судалгаа, статискийн газрын захирал Д.Ган-очир 2018 оны 12 дугаар сарын статистик мэдээллийг танилцуулав.

    Д.Ган-Очир:

    • Эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт өсөлт 22,8 хувиар нэмэгдэж 19.5 их наяд төгрөгт  хүрснээр  найман хувийн инфляцийн  зорилтот төвшин, долоон хувийн эдийн засгийн өсөлтийг тус тус хангах, зээлийн төвшинг 26 хувиар нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгосон.
    • 19.5 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийн 70 хувийг төгрөгийн хадгаламж, 27 хувийг вальютын харилцах хадгаламж, 3 хувийг банкнаас гадна бэлэн мөнгөний эргэлт тус тус бүрдүүлсэн. Иргэдийн хадгаламжийн долларжилтын төвшин 19,3 хувьтай байна. Иргэдийн зээлийн өсөлт 2018 оны 12 дугаар сарын байдлаар 35 хувиар өсч 8,9 их наяд төгрөгт хүрсэн.
    • Зээлийн долларжилт нь валютын ханшийн нэмэгдэл, зээлийн эргэн төлөлтийн ачааллыг бий болгож байдаг. 2018 оны эцсийн байдлаар зээлийн долларжилтын хувь 16 хувьтай байсан. Ялангуяа дөрөвдүгээр улиралд валютын ханш сулрах үед иргэд энэ төрлийн эрсдэлээс зайлсхийх арга хэмжээг авсны дүнд зээлийн долларжилт буурсан. Цаашдаа ханшийн хэлбэлзэл нь санхүүгийн салбарт харьцангуй бага хэмжээний хүндрэл үүсгэх боломжтой гэдгийг харуулж байна.
    • Зээлийн чанар нь банкны эрүүл, чийрэг байдалд чухал нөлөөтэй байдаг.  2018 оны 12 дугаар сард чанаргүй зээлийн бууралт голчлон жижиглэн болон бөөний худалдаа, уул уурхайн салбаруудад явагдаж, нийт 14 хувь буюу 283 тэрбум төгрөгөөр буурсан.
    • -Зээл аль салбарын үйл ажиллагааг илүү дэмжсэн байдалтай олгогдсон байна вэ гэдгийг зээлийн бүтцээр хардаг. Нийт зээлийн бүтцийг ажиглавал  Хэрэглээний чиглэлээр, тэр дундаа цалин, тэтгэвэр, автомашины зээл давамгайлж байна. Хэрэглээний зээл зээлийн бүтцэд давамгайлах нь эргүүлээд өрхүүдэд санхүүгийн дарамт үүсгэх,цаашлаад  эдийн засгийн макро эрсдэлд өртөмтгий, эмзэг болгодог учир үүн дээр төвлөрсөн судалгааны ажлуудыг хийж байна.
    • Иргэдийн хамгийн их сонирхдог зээлийн төрөл бол ипотекийн зээл. Ипотекийн зээлийн хувьд  2018 оны 12 дугаар сард нийт 1152 зээлдэгч 100 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Үүний 56,2 хувийг хөтөлбөрөөс, 43,8 хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна.  Банкнуудын ипотекийн зээлийн хувь өсөх үзүүлэлттэй байсан боловч 12 дугаар сарын байдлаар 13 хувь хүртлээ буурсан. Ингэснээр ипотекийн жигнэсэн зээлийн хүү 10 хувьтай болж байгаа юм.
    • Шинээр татаж байгаа хадгаламжийн хүү сүүлийн хоёр сард тогтмол буурсан. 2018 оны эцсийн байдлаар шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хүү 11,2 хувь, валютын хадгаламжийн хүү 4,5 хувьтай болсон байна.  Хүүг үе шаттайгаар бууруулснаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн. 2018 оны эцсийн байдлаар төгрөгийн зээлийн хүү сүүлийн таван жилд хамгийн доод хэмжээнд хүрч , 16,9 хувь болсон.
    • Гадаад сектор буюу төлбөрийн тэнцлийн хувьд 2018 оны эцсийн байдлаар 141,7 сая ам.долларын алдагдалтай байсан нь гадаад валютын нөөцийг бууруулахад хүргэсэн.   Нэгдүгээрт, экспорт 679,6 сая ам.долларын ашигтай гарсан ч  импортын хэмжээ түүнээс өссөн. Хоёрдугаарт, экспорт, импортын тээврийн үйлчилгээний зардлууд гадаадын компаниуад төлөгдсөн нь нөлөөлсөн.
    • Мөн монголчууд гадаад руу аялал жуулчлалын зориулалтаар 200 сая ам.доллар шилжүүлсэн байна.  Бизнес, үйлдвэрийн салбаруудын зөвлөх үйлчилгээнд нийт 500 сая ам.долларыг гадаадын байгууллагад өгчээ. Эдгээр үйлчилгээ төрлийн нийт өртөг нь 1,2 тэрбум  ам.доллар болж, энэ хэмжээгээр алдагдал үүсгэсэн. Ийнхүү төлбөрийн тэнцлийн хувьд алдагдалтай байгаа нь валютын нөөц үүсгэхэд хүндрэл үүсгэн, улмаар эдийн засаг тогтворгүйжих хандлагатай болдог.

     

    Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ