Э.Болорцэцэг:Монголд үйлдвэрлэсэн зангиагаа Хятад, Япон улсад экспортод гаргах зорилго тавьсан

2019-01-24

Үндэсний үйлдвэрлэгч “Чандмань” брэндийг үүсгэн байгуулагч Э.Болорцэцэгтэй ярилцлаа.

– “Чандмань” брэндийг  бий болгох санааг анх хэзээ олсон бэ?

-Манай нөхөр бид хоёр хоёулаа хувцасны дизайнер мэргэжилтэй. Сургуулиа төгссөнөөс хойш хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй. 2015 оноос мэргэжлээрээ ажиллая гэж шийдсэн. Тэр дундаа эрэгтэй зангиаг гоё чамин байдлаар хийе гэсэн санаагаа  гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад олсон. Энэ санаагаа ажил хэрэг болгож нэг  жилийн хугацаанд судалгаа туршилт маягаар  бүтээгдэхүүнээ хийсэн.

Ингээд 2016 оны тавдугаар сараас борлуулалтаа эхэлсэн. “Чандмань” брэндийн гол зорилго залуучуудын бараан хувцаслалтыг өөрчилж, өнгөлөг мэдрэмжийг төрүүлэх юм. Тиймдээ ч гоё, чамин байх гэдэг утгаараа “Чандмань” гэх нэрийг сонгосон. Өнгөрсөн хугацаанд энэхүү зорилго дээрээ тулгуурлан бүтээгдэхүүнээ сайжруулан ажиллаж байна.

-Ижил төстэй бүтээгдэхүүнээс “Чандмань”  брэндийн ялгарах онцлог нь юу вэ?

-Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрлэгч гэдгээрээ ялгарна. Зангиа үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчид байдаг. Тэд бүтээгдэхүүндээ үндэсний хээ хуар, мал аж ахуйг  тусгадаг бол бид хээ хуар гэхээсээ илүү ямар ч хүнд  зохих, өнгө үзэмжтэй, уламжлалт аргаар чанарыг шингээж хийхийг зорьдог. Жишээлбэл,гадаад хүн зүүсэн ч зохих тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

-Ямар материал сонгодог вэ?

-Материалаа Солонгос, Хятадаас авдаг. Ноосон, хөвөн даавуу, торгомсог материалаар хийдэг. Мөн бүтээгдэхүүн маань иж бүрдлээрээ цогц байх ёстой гэж ярилцаад хайрцаг, сав, баглаа боодол дээрээ их анхаарсан. Манай бүтээгдэхүүнүүд бүгд хайрцаг, савтайгаа хэрэглэгчдэд хүрдэг. Хүнд бэлэглэхэд илүү тохиромжтой байдаг.

“Чандмань” брэндийг үүсгэн байгуулагч Э.Болорцэцэг

-Бизнес хийхэд тулгарч байгаа бэрхшээл нь юу байна вэ? 

-Үйл ажиллагаа маань одоо л жигдэрч байна.                                                            Бид Монголын жижиг зах зээлд үйл ажиллаагаа явуулж байгаа.Гэсэн ч бидэн шиг  үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлж байвал зүгээр юм уу гэж боддог.

Нэгэнт зах зээл багатай, бараа бүтээгэдэхүүнээ гадагш гаргах боломж хязгаарлагдмал бага байгаа энэ үед татварын хөнгөлөлт л бидэнд томоохон дэмжлэг  болно.

Мэдээж цаашдын зорилго маань зах зээлээ өргөжүүлэх. Тэр болтол энэ тал дээр нь дэмжээд өгөх хэрэгтэй гэж боддог юм.

Ганц манай байгуулага ч биш бидэн шиг үйл ажиллагаа нь дөнгөж жигдрээд хөл дээрээ зогсч байгаа олон үйлдвэрлэл эрхлэгчдэд  тулгардаг бэрхшээл нь энэ болов уу гэж бодож байна. Одоо бол та үйлдвэрлэж, мөнгө олж л байгаа бол татвараа төл гэсэн зарчимтай байна.

Мөн Монголд даавуу үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэх нөөц боломж ч  одоогоор байхгүй байна.

Ноос ноолууран эдлэлийн  суурь нь тавигдчихсан.   Бид түүхий эдээ гаднаас авдаг учраас  валютын ханшийн зөрүү, гааль татвар гэх мэт олон асуудалтай тулгардаг.

-Хамгийн анх юунаас урам авч байсан бэ?

-Анх хоёулаа  загвар, эсгүүрээ гаргаад өөрсдийн гараар оёж эхэлж байсан. Хүмүүст таниулах үүднээс ойр дотнын хүмүүстээ бэлэглэхэд бүгд л дуу алдаж хүлээж авсан. Харагдах байдал нь гоё өнгөлөг, чанартай байсан нь  дотоодод хийсэн гэхээргүй сэтгэгдэл төрүүлсэн гэсэн. Үүнээс л урам авч зөв зүйлээ хэлсэн юм байна гэж бодсон.

Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-10-аад хүнийг ажлын байраар хангаж байна. Ирэх жилээс борлуулалтын цэгээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Нэг үеэ бодоход манай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрсэн байна. Цаашид Монголд үйлдвэрлэсэн зангиагаа Хятад, Япон гэх мэт улсад экспортод гаргах зорилго тавьсан. Мөн  хэрэглэгчид маань эрэгтэй хослол, цамц их асуудаг. Ойрын хугацаанд зангиатайгаа хослуулан срочкон цамцыг үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

Мөн арьсан цүнх, бээлий зэргийг өөрсдийн хэв маяг онцлогт тохируулан    үйлдвэрлэх гэх мэт хийхээр зорьж байгаа олон ажил байна.

С.Дулам

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ