Т.Ганболд:Намайг Япон, АНУ-ын шүүхийг хахуулддаг гэж ярьж байна,энэ улсуудын шүүх манайх шиг биш шүү дээ

Иргэний нийгмийн байгууллагууд Сүхбаатарын  талбайд барьсан  гэрт “Гэр форум”  цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн хэлэлцүүлэг стратегийн ордуудын хувьчлалын талаар өрнөлөө.

Уг хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн  Л.Оюун-эрдэнэ нээж үг хэлэхдээ,”гуравхан сая хүн амтай, олон стратегийн ордуудтай хэрнээ яагаад гурван хүн тутмын нэг нь ядуу байна вэ? Яагаад инфляцийн түвшин байнгын өндөр, өргөн хэрэглээний бараагаа хэрэглэж чадахгүй төвшинд амьдарч байна вэ?

Бид энэ асуудлыг өнгөрсөн 27 жилийн турш явагдсан авилгалтай холбоотой гэж үзэж байгаа юм.  Төрийн онолын нэрт судлаач Фрэнсис Фукуям “Хэрэв хууль нийгмийн хүчирхэг элитүүдэд хэрэгжихгүй эсвэл хамгийн хүчирхэг тоглогч төрийн эрх мэдэлтэнд тохируулж үйлчилбэл шударга ёс, иргэдийн эрх, хувийн өмчийн талаар ярих боломжгүй” гэж хэлсэн байдаг. Энэ явдал яг Монголд бий болсон байна. Хууль эрх мэдэлтэй, мөнгөтэй, алдар нэртэй хүмүүсийн талд орж байна.

Хууль хяналтын байгууллага сүүлийн үед “албан тушаалаа өөрт ашигтайгаар ашиглаж байвал гэмт хэрэг” гэж ихээр ярих болсон. Тэгвэл энэ стратегийн ордуудыг албан тушаалтан хүн авсан байгаа нь өөрөө албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байж болзошгүй юм” гэв.

 Дараа нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Т. Ганболд байр сууриа илэрхийлсэн.

Т.ГАНБОЛД: 

…Шударга ёс, тэгш эрхийг тунхагласан тогтолцоо бол ардчилсан тогтолцоо. Гэвч 28 жилийн дараа утаан дунд  халаас хоосон иргэдтэй байгаа нь энэ тогтолцоонд шударга ёс, тэгш эрх байгаагүй гэдгийг нотлон харуулж байна.

Ядуу байгаагийн  шалтгааныг монголчуудын залхуу, хойрго зантай холбож нийт ард иргэддээ тохох гэсэн овжин аргыг хэрэглэдэг. Би өөрөө энэ нийгмийн хэсэг учраас та бүхэнтэй адил энд сууж байна.

Хууль хяналтын байгууллагад нотлох баримттай нэгэн хэргийг дэлгэж тавьсан. Энэ хэргийг нэг хүн хийх ямар ч боломжгүй. Бүхэл бүтэн тогтолцоо энэ хэрэгт оролцсон. Үнэний талд хүч байдаг гэдэг шиг ард иргэд надтай санал нэг байна. Хууль хяналтын байгууллагыг атгасан, дуртай хүн дээрээ эрүү үүсгэдэг бол өөрөө шоронд ороод явна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Намайг Япон, АНУ, ОХУ-ын шүүхийг хахуулддаг авлигач  Ганболд гэж ярьж байна. Эдгээр улсын шүүх нь манайх шиг авилгал, хахуульд идэгдсэн биш. Үнэн бодитоор оролцсон учраас би ялсан.

Өнөөдөр яагаад ард иргэд ядуу байна вэ гэвэл эрх мэдэлтнүд таны эрдэс баялгийг хулгайлсан юм. Харин энэ талаар ярьсан хүнийг харлуулдаг. 90 оноос хойшхи “Алтан хараацайнууд” гээд байдаг улстөрчид өвөг дээдсийн хүч хөдөлмөрөөр бий болгосон баялгийг үнэгүйдүүлж, маш хямдаар хувьчилж авсан байдаг. Улсын үйлдвэрийг дансанд нь байгаа мөнгөн хөрөнгөнөөс нь бага үнээр хувьчилдаг улс манайхаас өөр байхгүй. Өнөөдөр өөрсдийгөө Монголын толгой баячууд гэдэг хүмүүс тэдгээрийг бүтээн байгуулахад нэг тоосго ч өрөөгүй байдаг.  Социализмын үед бүх ард иргэдийн мөнгийг төрд татан, тэрхүү үйлдвэр, байгууллагуудыг барьсан юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ямар ч хуулинд захирагдахгүйгээр хувийн банк авсан тохиолдлыг би өөрийн нүдээр үзсэн. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар “газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч” юм.  Норвеги, Арабын нэгдсэн улсад улсын баялгаас ард иргэддээ сар сард нь хувь  хүртээж явж байна. Нийгмийн нэг хэсэгт бүх баялаг төвлөрч, үлдсэн 90 гаруй хувь нь туйлын ядуу амьдрах нь өөрөө гаж тогтолцооны илрэл мөнөөсөө мөн.

Өнөөдөр УИХ-ын даргыг өөрчлөе гэхээр хуульд  “өөрийн хүсэлтээр огцрох, хүнд өвчнөөр өвдсөн”зэрэг хэтэрхий ерөнхий  заалт байгаагаас асуудал үүсч байна.

УИХ-ын дарга гэдэг нь өндөр ёс суртахуунтай, мэдрэмжтэй, улс төрийн соёлтой хүн байх ёстой. Гишүүд нь эсэргүүцэхэд ухамсарлаад ажлаа өгч чадах хэмжээний ухамсарт хүмүүс УИХ-ын босгоор орж ирнэ гэж бодон энэ хуулийг боловсруулсан гэж боддог. Харин энэ хуулийг өөртөө ашигтай болгож гуйвуулан тайлбарлаж байгаа нь ард иргэдийг хэн ч биш гэж үэзж байгаагийн илрэл юм.

Намайг янз бүрийн байдлаар доромжлох гэж үзэж байгаа. Миний хувьд өмч хувьчлал, концесс, тендер, Хөгжлийн банк, бонд, ЖДҮХС зэрэг хулгайн шинжтэй үйл ажиллагаанд нэгэнд нь ч оролцож байгаагүй. Би улсаас нэг ч ашигт малтмалын лиценз авч байгаагүй.

Тийм учраас иргэд маань ямарваа нэгэн асуудлыг сайн судалж, тунгаан бодож , өдөөн хатгалгад автахгүйгаар, тууштай шударга ёсны төлөө тэмцэх хэрэгтэй.

Миний хувьд иргэдтэй хамт тэмцэж байгаа нь ямар нэгэн аргаар мөнгө олох гээд байгаа юм биш. Хөдөлмөрийн баатар, жолооч Самбуу гэх хөдөлмөрч, зарчимч хүн намайг өсгөсөн учраас хулгай хийх, худлаа хэлэхийг жигшдэг. УИХ-ын гишүүд камерын өмнө улаан цайм яруу гоё үгээр ичихгүй худлаа ярьдаг нь олширсон.

Г.Сүрэн

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ