Цэцийн маргаанд татагдчихгүй бол М.Энхболд даргаа цагаан сараас өмнө буулгах эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын даргыг албан тушаалаас нь буулгах гэж бүтэн хоёр сар УИХ-ын 40 гишүүн бойкот хийж, хоёр ч удаа жагсаал цуглаан хийсний эцэст ямар ч байсан хуулийн аргаар буулгахаар УИХ хууль баталлаа. УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулийн энэ нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-наас эхлэн хэрэгжиж, улмаар УИХ-ын гишүүд гарын үсгээ зуран тогтоол баталснаар М.Энхболд  даргаа цагаан сараас өмнө индрээсээ буулгах нөхцөл бүрдэж байна.

Гэхдээ уг хууль хэрвээ Үндсэн хуулийн цэц дээр очихгүй бол шүү дээ. УИХ-ын дарга М.Энхболдыг хамгаалагчид цаг хожихын тулд уг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэх ямар нэг шалтаг, шалтгаан олоод Үндсэн хуулийн цэцэд өгөх магадлал бий. УИХ-ын хашир туршлагатай гишүүн Д.Лүндээжанцан “Хэрвээ энэ хууль чинь Үндсэн хуулийн цэц дээр очвол би та нарын өмнөөс явахгүй шүү” гэж удаа дараа илэрхийлж байгаа нь нэгийг хэлж байгаа.

 Уг хуулийн төслийг батлах хэлэлцүүлгийн явцад нэг хүнийг буулгах гэж ийм хууль баталж байгаа нь парламентынхаа дархлааг сулруулж байна гэж зарим гишүүн  хэлсэн.Харин УИХ-ын даргыг буулгах нь зүйтэй гэж үзсэн гишүүд тухайлбал, Ж.Батзандан  УИХ-ын нийт гишүүдээсээ дээр гарсан эрх  мэдэлтэй Энхболдыг буулгаж байгаа нь харин ч парламентынхаа дархлааг сэргээж байгаа явдал гэж байр сууриа илэрхийлсэн.

Мэдээж УИХ-ын дарга М.Энхболдыг  хамгаалж байгаа талынхан   дархлаа ярьж бгаа нь парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын парламентын даргын буюу олон улсын хэллэгээр speaker-ийн статусаар яриад байх шиг байна лээ. Парламентат ёс өндөр хөгжсөн Их Британи, Итали зэрэг улсад хамгийн нэр хүндтэй хүнээ парламентын тэргүүн буюу спийкэр болгоод , хамгийн өндөр цалин хангамж эдлүүлдэг аж. Тэр ч байтугай speaker нь намаас татгалзаж, парламентынхаа эв нэгдлийг хангах, тасралтгүй үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээдэг ажээ.

Монголд тийм биш, УИХ-ын дарга нь нэг намынхаа  эрх ашгийг хамгаалах байтугай хэт нэг талд гарч, намаасаа томилогдсон Ерөнхий сайдаа хүртэл огцруулах бичигт гарын үсэг зурсан болохоор Энхболдыг огцруулснаар парламентын дархлаа суларна гэж ярих нь учир дутагдалтай юм. 

Харин ч М.Энхболд даргаа буулгаад голч, төвч, мэдлэг чадвартай нэгнээ УИХ-ын дарга болгоод цаашид жинхэнэ спийкэрийн зиндаанд аваачих хуулийн орчин бүрдүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Энэ удаа юутай ч УИХ хуулиа баталлаа. Бараг бүх нийтийн тэмцэл болтлоо хурцадсан М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах тэмцэл цагаан сараас өмнө биежих үү гэдгийг харин одоо хэлэхэд эрт байна.

Г.Саруул

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ