УИХ, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах”-ыг дэмжсэнгүй

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЖДҮХС-тай холбоотой асуудлаар “Түр хороо байгуулах” тогтоолын төслийг хэлэлцсэн боловч гишүүдийн 64.3 хувийн саналаар уг төсөл дэмжигдсэнгүй. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Энэхүү төслийг хэлэлцэх үеэр дараах саналыг гишүүд хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Түр хороог байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай хороогоор байгуулаад л яв л даа. Дэд хороо байхгүй юм шиг л хандаж байна ш дээ. Ирээд саналаа өгөөд надтай ярилцаад явж болно. Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг чинь хэлэлцье”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-аас дэд хороо байгуулагддаг. Ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт тавих үүднээс Зарлагын хяналтын дэд хороог сөрөг хүчнээр ахлуулдаг. Тиймээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Тиймээс хэд хэдэн санал гаргаж, төсвийн байнгын хороонд хүргүүлсэн ч харамсалтай нь төсвийн байнгын хороо огт хэлэлцдэггүй. Тусгай сангийн үйл ажиллагаанд хяналт тавъя, замбараагүй байдал руу орлоо гэж хүсэлт тавьсан ч хэлэлцээгүй. Мөн Засгийн газраас зээл тусламж, зарцуулалтад хяналт тавъя гэсэн боловч хариу өгдөггүй. Хөдөлдөггүй байсан л даа. Тиймээс ЖДҮХС-гаас хөрөнгө зувшуулсан, түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагаар хүүлсэн нөхдүүдэд хяналт тавих зорилгоор Түр хороог байгуулж байгааг дэмжиж байна. Үүнийг байгуулах санал дээр сөрөг хүчнээс би ганцаараа гарын үсэг зурсан”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хороо, дэд хороо, Түр хороо гээд өөр өөрийн утгатай гурван хороо байна л даа. Тэгэхээр Түр хороо байгуулж болохгүй гэж хэлж болохгүй. Тиймээс би дэмжиж байна. Бүх сангуудыг шалгана гэж итгэж байна. Дүгнэлтээ нээлттэйгээр ард түмэнд танилцуулах байх. АН, МАН нэгнээсээ ялгагдахгүй хулгайч болчихож. Прокуророос гишүүдийг эгүүлэн татахаар орж ирэхэд би өгөөд явуулж баймаар байна. Зээл авахаар очсон хөгшинд 70 хувийг гаргаж өгөөд би 140 мянган төгрөгөөр яаж цагаан сар хийх юм бэ гээд уйлж байна. Гэтэл гишүүд 3 хувийн хүүтэй гутамшгийн зээл авч байна. Баригдангуутаа эргүүлээд төлчихье, буцаагаад өгье гэх юм. Тэгвэл шоронд байгаа бүх хулгай хийсэн хүмүүсийг сулла л даа. Тэд ч бас эргүүлээд төлчихнө ш дээ. Бүх гэмт хэрэг адилхан. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Ихийг авсан ч багыг авсан ч хулгай. Тиймээс хуулийн өмнө бүгд захирагд. 20 гаруй гишүүн ЖДҮХС-тай холбогдсон тул Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатай. Түүхэндээ байгаагүй бүлэглэн гэмт хэрэг явагдаж байна. Тиймээс Түр хороог байгуулахыг дэмжиж байна”

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ямар нэг зүйлийг зарчмын дагуу ярихаар танай хуваагдсан хоёр бүлгийн аль нэг талд орсон юм шиг болчих гээд байр сууриа илэрхийлэхэд ч хэцүү боллоо. Монгол Улсын төсвийн бүх зарцуулалтан дээр УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Үүнийг хийгээч гэдэг үүргийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд сөрөг хүчний байр суурьнаас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавиулах гэж хийсэн” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ