Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдийн гарын үсгийг зуруулж байна

Гишүүдийн дийлэнх олонхи санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлдөг байх агуулга бүхий хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн мэдүүлээд УИХ-аар хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх горимын санал дэмжигдсэн. Энэ дагуу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн баталж, албан ёсоор батламжилснаар ирэх долоо хоногийн баасан гаригт хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Уг хуулийн төслүүд албан ёсоор хэрэгжиж эхэлснээр парламент дахь гишүүдийн дийлэнх олонх гарын үсгээ зурж, УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтээ өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ.

Өргөн мэдүүлэгдсэн тохиолдолд УИХ энгийн журмаар хэлэлцэн батална. Ингэхдээ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар эцэслэн батлах процесс явагдах билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан бланкин дээрээ УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Гарын үсгийг өчигдрөөс эхлэн зуруулсан бөгөөд парламент дахь У.Хүрэлсүхийн талынхан уг асуудал дээр нэгдмэл байдалтай байгаа аж. Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан, гишүүд ойрын өдрүүдэд тойрогтоо ажиллах тул гарын үсэг цуглуулах ажлыг ийнхүү эрт эхлүүлсэн бололтой. Улмаар ирэх баасан гаригт саналаа өргөн мэдүүлж, намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх чигтэй байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ