Л.Болд: Бид 5 хагараагүй, цаашид атгасан гар шиг байж Монголынхоо төлөө тэмцэнэ

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, төв талбайд эсэргүүцлийн жагсаал, суулт зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргыг огцрохыг шаардсан МАНАН дэглэмийн эсрэг эсэргүүцлийн суулт үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хууль батлагдсан. Энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүн огцруулах санамжид гарын үсэг зурж өгнө. МАНАН дэглэмийн толгойлогч, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг бид бүхэн бодитоор дэмжиж байна хэмээсэн 30 гаруй мянган иргэн регистерийн дугаараа бичин, гарын үсгээ зурж өгөөд байна. Өнөөдөр бид энэ 30 гаруй мянган иргэний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ.

Мөн өрнөж буй үйл явдалтай холбоотойгоо УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар бид 5-ыг хоорондоо хагарсан мэтээр худал мэдээлэл тарааж байна. Мөн бид 5-ыг нэг нэгээр нь онилсон дайралтууд явж байна. Бид 5 хагараагүй. Өнөөдөр бид МАНАН дэглэмийн эсрэг тэмцэж байна. Цаашид бид 5 атгасан гар шиг байж, Монголынхоо төлөө тэмцэх болно” хэмээлээ.

М.Хүдэр

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

19 − 15 =