“Д.Дорлигжавыг төрийн өндөр албан тушаал хашиж байсантай нь холбогдуулан санаатайгаар гүтгэж байна” гэв

2019-01-21

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт үүсгээд буй авилгын гэх хэрэгтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Э.Амархүү “Нэг хуудсыг ашиглаж тухайн гэрээг тайлбарласан байгаа юм. Хуульч хүний хувьд гэрээний нэг зүйл заалтыг үндэслэн мэдээлэл хийх боломжгүй зүйл.

Т.Ганболд нэвтрүүлгээр орохдоо “Гэрээний дүн 18.9 сая ам.доллар гэж мэдэгдсэн” юм. Тэрбээр олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн бол энэ гэрээнд байгаа бүхий л мэдээллийг дэлгэх байсан байх. Ерөнхий гэрээ, хоорондын захидал гэх зэрэг бүхий л баримтыг дэлгэх хэрэгтэй байсан. Тэгж байж л энэ асуудал бодитой байх байлаа. Нэвтрүүлгийн үеэр Т.Ганболд бүхий л мэдээллийг дэлгэсэн бол 18 биш 23 сая ам.доллар байх байсан юм. Энэ талаар Ийгл телевизэд манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав нь бүх баримтуудыг гаргасан. Та бүхэн хэн нь бүх баримтуудыг гаргаад хэн нь өөрт хэрэгтэй зөвхөн нэг хуудсыг нь гаргаад байгаа вэ гэдгийг та бүхэн дүгнээд үзээрэй.

Мөн энэ гэрээтэй холбогдох бас нэг хүн нь В.С.Паушок байгаа. Тэрбээр бүх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Бүгдийг нь хүлээлгэж өгөх газарт нь хүргэж өгсөн. Манай үйлчлүүлэгч нь одоогийн байдлаар таслан шийтгүүлээд байгаа. Үндэслэл нь Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, Шадар сайд байсан Д.Дорлигжав нь тухайн гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй гэж дүгнээд шүүх хорих шийдвэр гаргачихсан. Хүнийг боловсрол, эрхэлж байсан албан тушаал, арьс өнгөөр нь ялгаж болохгүй. Өмгөөлөгч бидний зүгээс Хуулийн байгууллага үнэн мөнийг нь олтол битгий яаран битгий дүгнэлт хийгээрэй гэж хүсье” гэв.

Харин өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Ганболдын зүгээс 4 сая ам.долларыг авилга гэж хэлээд байгаа нь Т.Ганболдын компаниас “Ракет Монголиа” гэдэг компаниас 2 сая ам.доллар, сүүлд шилжиж орж ирсэн 2 сая ам.долларыг Голомт банкаар дамжуулж дансаар шилжүүлснийг хэлээд байгаа юм. Т.Ганболдын компаниас Голомт банкинд хандаж “Буруу шилжүүлжээ. Манай мөнгийг буцаан татаж өгнө үү” гэсэн бичиг явуулсан байдаг. Энэ хүсэлтийг нь л Голомт банк биелүүлсэн байна. Тиймээс манай үйлчлүүлэгчийн төрийн өндөр албан тушаал хашиж байсантай нь холбогдуулан санаатайгаар гүтгэж байна гэж бид үзэж байна.

Эцсийн дүндээ Т.Ганболдын энэ яриад байгаа зүйл нь төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүнийг санаатайгаар гүтгэсэн гэж үзэж байгаа учраас худал мэдээлэл тараасан түүнийг бид шалгуулах хүсэлтийг зохих хуулийн байгууллагуудад өгсөн. Энэ яриад байгаа авилга гэдэг зүйл нь авилга биш хоёр компанийн дундах өр авлагын зүйл юм” гэсэн тайлбар хийлээ.

И.Болд

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ