• Д.Лүндээжанцан: Ямар ч хүнийг огцруулж болно, харин чөлөөлөх гэхээр асуултын тэмдэг болоод байна

    УИХ-ын хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулт асууж хариулт авах үед хэлсэн үгсээс товчлон хүргэж байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын хэдэн гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх гэх юм уу, огцруулах гээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд гагхүү хуульд үндэслэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр огцрохгүй байгаа учраас огцруулъя гэж болох уу. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байдаг. МАН-д таалагдахгүй байгаа тул огцруулъя гэж болох юм уу. Байнгын хороо үндэслэлээ юу гэж бичнэ гэж ойлгосон бэ. Үндсэн хуульд “хуульд үндэслэнэ” гэсэн байгаа. Ямар зүйлийг үндэслээд Энэ хууль хэрэгжиж болно гэж туршлагатай мэргэшсэн парламентчийн хувьд үзэж байна вэ. Өөрөө огцор гээд байхад огцрохгүй байгаа учраас огцруулъя гэж болох уу. Таван үндэслэл байгаа. Хууль зөрчсөн, өөр юу байдаг юм, өөрөө үхээгүй байгаа шүү дээ. Тэгээд үхээгүй гээд бүх юмыг нь тавиад бидэнд таалагдахгүй, МАНАН бүлэгт таалагдахгүй байгаа тул огцруулъя гэж болох уу.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ бол зөрчилтэй. Хувь хүнийхээ хувьд зөрчилтэй байна. Онол ном яривал хэцүү л дээ. Огцруулж бол болно шүү дээ. Ямар ч хүнийг огцруулж болно. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэг болоод байна. Таван үндэслэлээр чөлөөлнө. Зургаа дахь үндэслэл болгож байна. УИХ-ын гишүүдийн олонх чөлөөлөх саналыг албан ёсоор тавибал гэж санаачилсан төсөл дотор орж ирсэн. Энэ асуудал нь огцруулаагүй, хууль зөрчөөгүй тэгсэн мөртлөө УИХ-ын үйл ажиллагаа удирдах итгэл хүлээхгүй байгаа учраас гэдэг санаа байгаа. Ерөнхий сайд Засгийн газар дээр итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өөрөө оруулах тухай заалт байдаг. Энэ бол олон улсын жишиг. Харин УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал бүр байхгүй. Ер нь цаашдаа УИХ-ын дарга гэдэг субъектыг спикер гэдэг сонгодог утга руу явуулах ёстой юм байна гэж байна. Өөрөөр хэлбэл, бидний дундаас гарсан спикер гэдэг хүн бүгдийнх нь төлөө ажилладаг хүн байхаас биш нэг намын бүлгийн төлөө ажилладаггүй төвийг сахисан, намаасаа түдгэлзсэн, хугацааны хувьд хоёр, хоёр жилээр ч байдаг юм уу дөрвөн жилээр байдаг, “дархлаа” сайтай, ямар нэг намын дарга, удирдлага манай фракцын хүн биш учраас сольё гэдэг үндэслэл гаргаж чаддаггүй зүй тогтол зарчим руугаа явах нь зүйтэй.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Тухайн тохиолдолд зориулж хууль өөрчлөх үү үгүй гэдэг нь асуултын тэмдэгтэй үлдэж байна. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Монголын парламентын дарга үргэлж солигдоод байдаг биш буурь суурьтай, аль нэг нам фракц гэхгүй цөмийнх нь эрх ашгийг хангадаг байх ёстой.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэн дарга вэ гэдэг зодоон явсаар байгаад төрийн асуудал болоод байна. 40 хүнд таалагдахгүй бол даргыг болиулна гэдгээ хуулийн үг хэллэгээр бичих хэрэгтэй.  Өнөөдрийн нөхцөл байдалд чөлөөлөх гэдэг үг тохиромжгүй. Огцруулах гэдгээ хуулийн байгуулага шалгаж байна гэдэг ч юм уу тийм үнэдэслэлээр гаргамаар байна. Энэ хууль урт настай хууль биш.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Гишүүдийн 3/2-оор УИХ-ын даргыг чөлөөлдөг байя гэдэг саналыг дэмжихгүй байгаа. УИХ-ын даргыг чөлөөлөх, хүсэлтээрээ чөлөөлөгдөх заалт хуульд бий. Заавал хууль гаргаж 40 гишүүн гарын үсэг зурж огцруулна гэдэг арга барсны жишээ. Үг хэлээд байгаа зарим хүнд хэдэн зүйл хэлье. Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэгт зогсож байна. Манжийн амбанг буулгахад хууль хэрэггүй байсан. Ард түмэн буутайгаа морьтойгоо тэмцээд хөөж явуулсан. Улс төрийн товчоог буулгахад хууль гараагүй. Хувьсгалт тэмцлийн үед хууль хэрэггүй байдаг. Монголын ард түмэн тайван учраас энэ том өөрчлөлтийг тайван замаар хийе гэж Монгол Улсын Ерөнхийлөгч оруулж ирсэн. Энэ хуулийг батлах хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би бол Ж.Батзандан гишүүний эсрэг байр суурьтай байна. Энэ бол парламентын дархлааны асуудал. Цаашид энэ хууль гарвал спикерүүдийн ажиллах хугацаа улам багасна.

    УИХ-ын Д.Хаянхярваа: Ж.Батзандан гишүүний хэлсэн “Хувьсгалын үед хууль хэрэггүй”, жагсаалын үеэр Л.Болд гишүүний хэлсэн “Цэрэг жагсааж цуст мөргөлдөөн гаргах гэж байна” гэж хэлсэн үг арай дэндэж байна. Хуульгүй юм шиг ард түмнийг турхирч болохгүй.  Одоо МАНАН бүлэглэл гэж аймшигтай юмыг устгах гэж байгаа юм шиг яриад байгаа. Яг нарийндаа бид бүгд МАНАН-гийн бүтээгдэхүүнүүд. МАНАН гэж яриад Ерөнхийлөгч маань МАНАН-гийн тохироогоор л сайд болж байсан. Л.Болд та С.Баярын Засгийн газрын үед МАНАН-гийн Батлан хамгаалахын сайд байсан. Туршлагатай парламентч болох Ц.Нямдорж, Ч.Улаан нар ч МАНАН-гийн үед манантаж явсан. Одоо цоо шинэ МАНАН үүсэх гээд байгаа юм бишүү. МАНАН гэдэг юм нь үнэн хэрэгтээ устаад шударга ёс тогтоно гэж би бодохгүй байна.

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Гишүүдийн 3/2-оор УИХ-ын даргыг огцруулдаг байх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр миний бие гаргасан. Би өнөөдөр парламентын дархлаа руу гар дүрж байна.

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Их хурлын дарга нь Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурдаг түүх хаана ч байхгүй. Хувь хүнтэй холбоотой хууль батлах нь буруу байж болно. Тэгвэл өөрөө өргөдлөө өгөх эрх нь одоо ч байна. Заавал ийм түвшинд хүрэх шаардлага байгаагүй. Парламентын олонх спикертэй ажиллах боломж байхгүй байна гээд байхад энэ хүртэл нь явуулах шаардлага байгаагүй. Өөрийн хүсэлтээр гэдэг зүйлийг бид судалсан. Ёс зүйн асуудал үүссэн бол өөрөө өргөдлөө өгчихдөг дэлхийн нийтлэг жишиг байна.

    Д.Хүдэрбат

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ