
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нэг удаа “Apple”-ийн лого бүхий хуудас цаас бариад ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр бол 2015 оны хавар бөгөөд тэрбээр тухайн үед Тавантолгойн ордыг ашиглах Ч.Сайханбилэгийн Засгийн газрын боловсруулсан гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч байсан билээ.
2015 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон гэсэн.
Харин маргааш өглөө нь УИХ-ын хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төсөл Монгол улс, монголын ард түмэнд ямар ч ашиггүй болсон байна. Ийм гэрээнд зориглож гарын үсэг зурвал боловсруулсан сайд М.Энхсайхан цаашлаад Засгийн газрыг ч огцруулахаа зарлаж билээ.
Тэгвэл өчигдөр уг үйл явдлын үргэлжлэл болох нэгэн хэрэг явдал болж өнгөрөв.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагынхантай уулзахдаа, Тавантолгойг 100 жилээр гадныханд өгөх гэрээ хийлгэх гэж байсан өмнөх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг шалгахыг иргэний хувьд хүсч баримт бичгүүд гардуулсан.
Ингэхдээ Тавантолгойн талаар УИХ, Засгийн газраас гаргаж байсан тогтоолууд болон 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын боловсруулсан Тавантолгойг ашиглах гэрээ, тэрхүү гэрээг шалгасан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн тэргүүлсэн Ажлын хэсгийн дүгнэлт болон бусад материалуудыг Улсын ерөнхий прокурорт өглөө.
Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дараа 2016 онд МАН ялснаар гарч ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед мөн Тавантолгойг дээрх маягаар хийх гэж байсан хэмээсэн. Энэ бүхнийг ийнхүү холбох болсон нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үедээ буюу 2014 онд Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын МАНАН-гийнхан “Шударга бусын хонгил” байгуулсан гэдгээс улбаатай. Саяхан Н.Алтанхуяг МАНАН-гийн тухай дахин ярихдаа Тавантолгойн асуудлыг Ц.Элбэгдорж нартай холбоотой гэсэн. Мөн Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржийн хүн, Ж.Эрдэнэбат нь М.Энхболдын хүн, М.Энхсайхан, зэрэг хариуцаж байсан нөхдүүд нь бас “Энержи Ресурс”-тай холбоотой хэмээх логикоор авч үзсэн бололтой.
Тун саяхны түүх сөхвөл Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргаж,хөрөнгө оруулагч хайв.Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 268 дугаар тогтоолын дагуу шалгарсан консорциумтай хэлэлцээ хийж гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болох үед нь УИХ-ын дарга З.Энхболдын оролцоотойгоор зогссон. Тэр шалгарсан консорциум нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын мөнхийн тэмцэлдэгч MCS группийн “Энержи Ресурс” ХХК, Хятадын “Чайна Шинхуа Энержи” компани юм.
Өчигдөр Ерөнхийлөгчийн хэлснээр бол 100 жилээр Монгол,Хятадын компаниудад өгөх гэж байсан бололтой. Ерөнхийлөгч гадныханд гэдэг нь Хятадын компанийг хэлж байгаа бололтой.
Ерөнхийлөгчийн энэхүү ярианы дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт том төслүүдийг хөдөлгөх яриа хэлэлцээг хариуцан яамгүй сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан өчигдөр твиттерт “Х. Баттулгын оролцоотойгоор гаргасан Алтанхуягийн ЗГ-ын шийдвэрээр ТТ төслийг хэрэгжүүлэх гэж оролдсон ч бүтээгүй. Үнэгүй гэдэг худлаа, 100 жил гэдэг нь бүр худлаа,Элбэгдорж-д падлийгүй л эд байсан. Хүний тэнэглэлийг дутуу үнэлж болдоггүй л юм байна” гэж бичжээ.
Нээрээ ч бодоод байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байгуулагдаагүй гэрээгээр прокурорт өгдөг нь ямар учиртай юм бол?Гэрээ хийхийг завдсан гэх нь утга учир багатай. Мөнхийн тэмцэлдэгч MSC рүү дайрч байгаа бол тэр компаниа л яримаар гэх зэрэг асуулт гарч байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийг жүжиг тоглож байна гэх хүмүүс байна.
Үнэхээр Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаар шалгуулах гэж байгаа юм бол бэлээхэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан асуудал нь байна. Яагаад тэр хэргээр прокурорт өгсөнгүй вэ? Ерөнхийлөгч яагаад “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар нэг ч үг дуугардаггүй вэ? Яагаад уг луйврыг хийсэн гэгдэх ХХБ-ны талаар бас ярьдаггүй вэ? Яагаад энэ асуудалд хамгийн их хамаатай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг энэ асуудлаар прокурорт өгсөнгүй вэ? Гээд олон яагаадууд урган гарч байна.
Г.САРУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй