• УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж байна

    УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэв.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн талаар хаалттай мэдээлэл хийнэ гэж байсан. ҮАБЗ гэдэг чинь маш чухал зүйл. Тиймээс энэ асуудлыг оруулж ирж хэлэлцэхгүй юм уу. Мөн утааны асуудлыг хэлэлцмээр байна. Ерөнхий сайд Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл нь юу болж байгааг мэдмээр байна. Эмнэлгүүд ачааллаа даахгүй. Хүүхдүүд маш их өвдөж хавдаж байна. Эмнэлгийнхэн болгоомжилж байна. Иймэрхүү асуудлаа яримаар байна. Өчнөөн өдөр албан тушаалын асуудал ярилаа. Одоо иймэрхүү асуудлаа дараалалд оруулаад хэлэлцэх санал гаргаж байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулж өгөөч. Засгийн газар дахиж хэлэлцэх асуудал байна” гэв.

    УИХ-ын гишүүн М.Билэгт “Өнөөдөр хэлэлцэх гээд байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар бүр буцааж татмаар байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулж, 74.5 хувь нь зөвшөөрсөн тул ийнхүү уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.

    Ингээд хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.

    С.Баатар

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ