НИТХ-ын төлөөлөгчдийн 55,8 хувийн саналаар С.Мөнхчулууныг хотын даргаар сонгов

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 55,8 хувийн саналаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонголоо.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн юм.

Ийнхүү дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн олонхийн саналыг С.Мөнхчулуун авав.

Нийслэлийн Засаг даргыг сонгох нууц санал хураалт хоёр удаа болсон бөгөөд эхний санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсоноос нэг санал хүчингүйд тооцогдож, нэр дэвшигчдийн санал 21:21-ээр тэнцсэн юм. Иймд тооллогын комиссоос дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаснаар хоёр дахь удаагаа нууц санал хураалт явуулж, С.Амарсайханд 19 санал, С.Мөнхчулуунд 24 саналыг НИТХ-ын төлөөлөгчид өгсөн юм.

Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар ажилласан бол тооллогын комиссын гишүүдэд Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нар ажилласан юм. Санал хураалтын журамд саналын хуудасны зураг авах, бусдад санаатайгаар саналын хуудсыг үзүүлэх үйлдэл хийсэн тохиолдолд хүчингүйд тооцох зэрэг нарийн заалтууд тусгасан байв.

Одоо НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулах юм.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны намтар

Төрсөн он сар өдөр: 1979.01.28

Төгссөн сургууль: 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын доктрант

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд, магистр, докторант

Ажилласан байдал: 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг

Сонгуульт ажил: 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ