Д.Сарангэрэл:Сувилагчдын цалин 127-183 мянгаар, эмч нарынх 122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

2018 оны есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалин 30 хүртэлх хувиар буюу  127-183 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин эмч нарын цалингийн  шатлал 4-5 дугаар шатлалд байгаа бөгөөд  сая Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний  шатлалыг 6-7 руу  оруулах шийдвэр гаргасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэв.  Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу мөнгөн дүнгээр  122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Мөн сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоолзүйч, эм найруулагч , сэргээн заслын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг сая Засгийн газрын хуралдаанаар нэмэх шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн түргэн тусламжийн 511 жолооч 400 мянган төгрөгийн цалин авч байсныг  хоёр дахь  шатлал руу оруулж 142192 төгрөгөөр нэмэгдүүлэх болжээ. Нийтдээ эрүүл мэндийн салбарын 8696  гаруй ажилтны  цалингийн шатлал ахиж, 696-844 мянган төгрөг хүртэл нэмэгдсэн байна.  Энэ цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгох ажээ.

Д.Хүдэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ