• Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурал эхэлж С.Амарсайханыг хотын дарга болгох асуудлыг хэлэлцэж байна

    Нийслэлийн ИТХ–ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй эхэллээ. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаарх мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН–ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Нийслэлийн МАН–ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН–ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн.

    Нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байгаа аж.

    Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  дэвшүүллээ. Уг асуудалтай холбогдуулан МАН–ын бүлгийн дарга Р.Дагва 30 минутын завсарлага  авах хүсэлт гаргасныг хүлээн авлаа. Хуралдаан  30 минутын дараа үргэлжилнэ.

    С.Баатар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ