Монгол гэрийн бүрээс, хана, туурга, дээвэрт тохирсон халаалтын төхөөрөмжүүдийг бүтээжээ

-Монгол эрдэмтэд цахилгааныг дулаан болгох төхөөрөмжүүд бүтээжээ-

Манай эрдэмтэд дулаан хуримтлуулах аккумулятор болон цахилгаан дулааныг хадгалах блокон зуух зохион бүтээснээ ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубээс өнөөдөр зохион байгуулсан “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж” хэлэлцүүлэг дээр танилцууллаа.

ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн Экологийн хүрээлэнгийнхэн зохион бүтээсэн “Илч-2.0” гэсэн дулааны аккумулятор нь шөнийн цагийн хөнгөлөлттэй үед буюу тарифийг тэглэх оройн 21.00-ээс өглөөнийн 06.00 цагт цахилгаан энергийг дулаан болгон хувирган хадгалж өдрийн цагаар гэр, сууцыг бүрэн халаах хүчин чадалтай, эхний хувилбарыг гаргаад туршиж байгаад академич С.Батмөнх, доктор С.Баяннасан нар танилцуулсан юм. Тэгвэл мөн л шөнийн цахилгааныг хуримтлуулдаг цахилгаан дулааныг хадгалах блокон зуух зохион бүтээснээ “Монватт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж танилцуулахдаа, ”Өнөөдөр манай зуухыг нийслэлийн гэр хорооллын 300 гаруй айл ашиглаж бид 3-4 жил туршсан учир одоо амьдралд өргөнөөр нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. ЭХЯ-наас саяхан нийслэлийн 42 мянган айл өрхийг 4 квт-ын халаагуур залгах сүлжээг бий болгоод байна, энд дотоодын эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжүүдийг ашиглах хэрэгтэй байна” гэв.

Эрдэмтдийн зохион бүтээсэн  төхөөрөмжүүдийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд эхнээс нь ийнхүү нэвтрүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шаардагдаж буй зүйл нь эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээг нэмэгдүүлэх явдал байгаа. Үүнд салбарын яамнаас сүүлийн жилд анхаарч хүчин чадлыг дотоодынхоо боломжийн хэмжээнд нэмэгдүүлж байгааг таатай хүлээн авч буйгаа эрдэмтдийн төлөөлөл илэрхийлж байв.

Шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд дулаан тусгаарлах шинэ материалуудыг олон тоо, төрлөөр үйлдвэрлэн гаргаж буй өнөөгийн нөхцөлд шинжлэх ухааны хэлээр бэлэн “өгөгдсөн шинж чанар”-ын эдгээр материалыг ашиглан гэр, сууцны дулааны алдагдлыг бууруулах боломж их байгааг эрдэмтэд тэмдэглэж байв. Наад зах нь халаалтын дулааны чадлыг багасгах боломжтой болсон. Жишээ нь, гэрийн бүрээс болон хана, туурга, дээвэрт тохирсон материалуудыг гаргасан. Эдгээрийг сонгон ашиглахад гэрийн дулааны хүчин чадлыг 4 кВт-аас 2-2.5 кВт хүртэл бууруулж болж байна. Гэрийн халаалтад зарцуулж буй дулааны энергийг 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр багасгах боломж бүрдэж буйг онцолж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр агаар, орчны бохирдлыг бууруулахад эрдэмтдийн оролцоог хангаж ажиллах талаар төр, засагт хандсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэв.

Б.БИЛГҮҮН

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ