НӨАТ-ын буцаалт барьцаалсан зээл олгуулсан учир Татварын Ерөнхий газрын даргыг чөлөөлөх хүсэлт гаргасан

Энэ онд нийт 808 мянган иргэнд нийт 120 тэрбум төгрөгийн НӨАТ буцаан олгохоор болсон тухайгаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Энэ нь НӨАТ-ын буцаан олголт 40 тэрбум төгрөг буюу 40 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

2017 онд нийт 600 мянга гаруй хүнд нийт 78 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан юм. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ ийнхүү 40 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалт сайжирч, хүн амын худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн мэдээлсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголттой холбоогоор арилжааны хоёр банк зээл олгож байсан. Сангийн яаманд НӨАТ-ын буцаалтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй зээл олгох хүсэлт арилжааны банкуудаас ирж байсан. Гэхдээ энэ бол хууль бус үйлдэл. Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцооны мэдээлэл нууц байх ёстой. Үүнийг хуулиар хориглосон байдаг.”

Гэтэл Сангийн яамаас удаа дараа хориглосоор байтал хувь хүний нууцтай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан учраас Татварын ерөнхий газрын даргыг албан тушаалаас чөлөөлөх хүсэлтийг Сангийн яамнаас гаргасан. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Бидний Үндэсний статистикийн хороонд хүртэл өгдөггүй мэдээллийг татварын байгууллага дур мэдэн өгсөн учраас хууль хяналтын байгууллагад хандсан” гэж мэдэгдээд байгаа юм.

Д.Хүдэрбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ