• Цагаан сарын баярын өдрүүдэд хүүхдийг үнсэхгүй байхыг эмч нар зөвлөлөө

     

    омуу, томуу төст өвчин нь агаар, дуслаар халдварладаг учир Цагаан сарын баярын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулж айл хэсэхгүй байх мөн бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг эмч нар зөвлөж байна

    Улсын хэмжээнд 11 аймаг болон нийслэлд томуугийн А хүрээний H1N1 вирус эрчимтэй дэгдэж эмнэлгүүдийн тэр дундаа хүүхдийн орчны ачаалал 53,2 хувиар хэтэрсэн байдалтай байна.  Томуу, томуу төст өвчнөөр амбулторийн үзлэг сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад харьцангуй бага байгаа ч хүндэрч, эмнэлэгт хэвтэх нь өндөр үзүүлэлттэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

    Энэ жилийн томуугийн тархалтын хувьд хүүхэд болон насанд хүрэгчдэд дэлхийн хэмжээнд өндөр тархалттай байгаа ажээ.

    Энэ жилийн томуугийн вирусын онцлогийн хувьд 12 дугаар сарын 20 буюу 52 дох долоо хоногоос эхлэн дэгдэлт нь эрчимжиж өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна.  “Шинэ жилийн баяртай холбоотойгоор 12 дугаар сарын 29,30-ны өдрүүдээс эхлэн тайван байсан вирусны идэвхижилт нь сүүлийн гурван жил болон өнгөрөгч оны үзүүлэлтүүдээс давсан. Мөн Цагаан сарын баярын өдрүүдэд улс даяар томуугийн дэгдэлт явагдах өндөр хандлагатай байгаа учраас урьдчилсан байдлаар бэлэн байдлаа хангаж байна ” гэж Эрүүл мэндийн яамнаас тайлбар хийв.

    Томуу, томуу төст өвчин нь агаар, дуслаар халдварладаг учир Цагаан сарын баярын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулж айл хэсэхгүй байх мөн бага насны хүүхдийг ойрын зайнаас үнсэхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ариунтуяа:

    Дэлхийн хэмжээнд жилд нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авч, түүнээс  3,5 сая хүн ам маш хүнд хэлбэрээр өвчилж 650 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр нас бардаг. Хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга бол вакцинжуулалт. Жирэмсэн эхчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, ахмад настнууд, дархлалын эмгэгтэй хүмүүс зайлшгүй хийлгэх шаардлагатай.

    Манай улсын хувьд 2019 он гарсаар хоёр аймагт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн тохиолдол гарчээ.

    Эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд эмнэлэг дотроо халдвар тархах эрсдэлтэй нөхцөл үүсдэг учраас аль болох өрхийн эмнэлгээр дамжуулан анхан шатны эмчилгээ хийлгүүлэх, гэрийн нөхцөлд асаргаа сувилгааг сайжруулбал зохистой.

    ЭХЭМҮТ-ийн хувьд нэг тасгаа хааж, амьсгалын замын эмгэгтэй хүүхдүүдийг нэмэлтээр авч байна. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдэд 39-40 хэм хүрч халуурсан, таталт өгсөн, хордлогын шинжтэй, бөөлжиж суулгасан, нүдний салс үрэвссэн, хоолой үрэвссэн шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа аж.

    “А хүрээний H1N1 вирусын халдвар хүүхдэд хүрмэгц уушигны хатгалгаа болон хүндрэх тохиолдлууд гарч байгаа учраас томуугийн шинж тэмдэг илэрч, хүүхэд халуурч эхэлмэгц өрхийн эмчид үзүүлж, гэрийн нөхцөлд дулаан байлган, халуун хоол хүнс хэрэглэх, илүү хөлөргөж, шингэн их уулгах зэргээр вирусын хорыг биеэс зайлуулах хэрэгтэй” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрхлэгч, Анагаах ухааны доктор У.Цэвэгмид зөвлөж байна.

    ЭМЯ-ны  олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

    Эрүүл мэндийн яамнаас “1:2” бодлогыг хэрэгжүүлж, сувилагчдын тоог нэмэх зорилгоор Сувилагчийн сургуулийн оюутнуудыг, Анагаах ухааны дээд сургуудийн хүүхдийн ресидент хийж байгаа 22 эмчийг, Анагаах ухааны үндэсний их сургуулийн 383 оюутнуудыг нэгжүүдэд хуваарилан ажиллуулж байна. Нөхцөл байдал илүү хүндэрвэл хувийн хэвшлийн сургуулиудын эмч, оюутнуудыг дайчлан ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

    Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй 15 цуврал зөвлөмжийг дадаж хэвшүүлэх, байгууллагууд ажилчдаа халуун аарц, чацарганаар хангах, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох, эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй иргэд маань эмнэлгийн эмч, ажилчдад хүндрэл учруулахгүй байх зэрэг хамтын хүчээр томуу, томуу төст өвчний дэгдэлтийг даван туулахыг хүслээ.

    Г.Лхагва

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ