• ЖДҮ-г хүүгийнхээ компаниар авсан Н.Оюундарь, “эрдэнэ” мэт дүүдээ тусалсан Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын асуудал хэзээ орж ирэх вэ

    Монголын улстөр буюу төр засаг хоёр талд хуваагдаад тэмцэлдэж байна. УИХ-ын даргын судалтай зууралдсаар буй М.Энхболдын талынхныг МАНАН бүлэглэлийнх, 60 тэрбумынхан гэлцэж байгаа. Тэд эргүүлээд олон нийтийн дэмжлэгтэй эсрэг талынхнаа ЖДҮ-чид гэж нэрлээд, уг нэршлээ  хэвшүүлэхийг хичээж,хууль хяналтынхныг ч үүндээ оролцуулж байна.

    ЖДҮ-чин хэмээх талд байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирж байгаа нь ч нэгийг хэлнэ.

    УИХ дээр анх асуудал хурцдах үед ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг огцруулсны дараа УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-г хариуцдаг яамны сайд, дээр нь тус сангаас хамаарал бүхий этгээд болох эхнэр Л.Отгонжаргалынх нь “Тээвэр ачлал” компани зээл авсан тухай мэдээлэл гарсан. Харин ЖДҮ-чидийн  талынхан нь  УИХ-д олуулаа учраас түүнийг аваад үлдсэн.

    Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАНАН-гийн эсрэг тэмцэгчид цуглаан жасгаал хийж эхэлмэгц дахин 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирэн хэлэлцүүлсэн.

    Тэдгээр нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нар бөгөөд тэднийг ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй  гэж үзэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор гаргасан юм.

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн Доктор МЭИК ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,

    УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл,

    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,

    УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл авсан гэдгийг тогтоосон гэжээ.

    Энэхүү ажиллагаа нь нийгэмд ЖДҮ-чдийг улам бүр үзэн ядуулах ажиллагаа мэт боловч УИХ-ыг, ер нь Монгол улсын төрийг нийтэд нь болохгүй байгааг л харуулсан хэрэг хэмээн харагдуулж байна.

    Хэдийгээр ЖДҮ-чид гээд нэг талдаа хаяг шошго зүүлгээд байгаа ч үнэн хэрэгтээ бол хоёр талд хоёуланд нь ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүд бий. Огцрохгүй, тийм хууль байхгүй хэмээн зүтгэж буй М.Энхболдыг дэмжигсэд дотор төрсөн хүүгийнхээ компаниар ЖДҮ авсан Н.Оюундарь, АН, МАН-аас эгч, дүүгээрээ нэр дэвшин сонгогдсон Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын “эрдэнэ” мэт дүүгийн компани, “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдсон Г.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн нар мэдэгдэж буй. Тэднээс өөр ЖДҮ-гээс зээл авсан гишүүд ч байгааг үгүйсгэх аргагүй гэлцдэг.

    Н.Оюундарь хүү С.Бат-ерөөлийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн Сингапурхэльткейр сентр ХХК 2018-08 сард 800 сая, Г.Тэмүүлэнгийн ээжийн “Спа цогцолбор” компани 700 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой байдаг.

    Уг нь ил тод мэдэгдээд зээл авсан нь тодорхой нөхдүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос ялгалгүй оруулж ирмээр. Гэвч уг асуудалд улстөр орсноор ийнхүү УИХ-ын даргыг огцруулах талынхан түрүүлж өртөөд байгаа бололтой.

    И.Болд

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ